Уншиж байна ...

Мексикийн тэнгисийн зэвсэгт хүчин түүхэндээ хамгийн их буюу найман тонн хар тамхи илрүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
5 цаг 29 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Мексикийн тэнгисийн хүчнийхэн тус улсын баруун өмнөд эргийн ойролцоо Номхон далайд явуулсан тусгай ажиллагааны үр дүнд 23 хүнийг баривчилж, найман тонн гаруй хэмжээтэй мансууруулах бодис илрүүлснээ зарлажээ.

Энэ нь тус улсын түүхэнд далай тэнгисээс илрүүлсэн хууль бус ачааны дээд амжилт юм байна.

“Тэнгисийн зэвсэгт хүчний алба хаагчид 8,361 кг хууль бус ачааг хураан авсан нь түүхэндээ илрүүлж байгаагүй их хэмжээний хар тамхи боллоо” гэж Баасан гарагт Мексикийн эрх баригчид мэдээлжээ.

Хар тамхины төрлийг мэдээлээгүй ч үнэлгээ нь 2.099 тэрбум песо ($105 сая) хүрэхийг баталсан байна.

Мичоакан мужийн Лазаро Карденасын ойролцоо эрэгт явуулсан ажиллагааны үеэр бас 8,700 литр шатахуун, зургаан ширхэг завийг хураажээ.

Хар тамхийг хувааж ачсан зургаан завины нэг нь шумбах чадвартай байсныг бас мэдээлсэн байна.

Мексикийн түүхэнд хуурай газарт илрүүлсэн хамгийн том хар тамхины ачаа нь 2007 оны арваннэгдүгээр сард илрүүлсэн 23 тонн Колумбын кокаин байжээ.

Харин сүүлийн тохиолдол нь далай тэнгисийн мандлаас илрүүлсэн хамгийн том ачаа болж байна.

Энэ оны наймдугаар сарын 23-нд ижил газарт явуулсан хоёр тусдаа ажиллагааны үр дүнд нийтдээ долоон тонн хар тамхи илрүүлж байжээ.

АНУ-ын засаг захиргаа өмнөд хөрш Мексикийн эрх баригчдад хар тамхины тээвэрлэлттэй хатуу тэмцэхийг шаарддаг.

Харин Мексикийн тал хариуд нь тус улсын гэмт хэргийн бүлгүүдийн АНУ-ын хилээр оруулж ирдэг галт зэвсгийн урсгалыг зогсоохыг шаарддаг юм.

 

Эх сурвалж: Reuters