Уншиж байна ...

Хезболлагийн нисгэгчгүй онгоц Израилийн ерөнхий сайдын гэрт халджээ

Т.Давааням, ikon.mn
6 цаг 13 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ливанаас илгээсэн нисгэгчгүй онгоц өчигдөр Израилийн ерөнхий сайдын гэр бүл амьдардаг өргөөнд халдсан тухай албаны эх сурвалж мэдээлжээ.

Ираны дэмжлэгтэй Хезболла зэвсэгт байгууллага одоогоор уг дроны халдлагыг зохион байгуулснаа хүлээгээгүй байна.

“Ираны төлөөний этгээд Хезболла өнөөдөр намайг болон миний гэргийг хөнөөхийг оролдсоноороо ноцтой алдаа гаргалаа” гэж Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху мэдэгджээ.

Иран болон түүний хамсаатнуудын Израилийн иргэний амь насанд халдах гэсэн ямар ч оролдлогыг хатуу гэсгээн шийтгэхээ тэр амласан байна.

Израил улс бүс нутгийнхаа нөхцөл байдлыг ирэх хэдэн үеийн турш өөрчлөх зорилготой дайн явуулж байгааг Нетаньяху энэ үеэр нэмж хэлжээ.

Хайфа хотоос өмнө зүгт 20 км зайтай Кесаряд оршдог ерөнхий сайдын өргөөнд дрон халдах үеэр Нетаньяху эзгүй байсан бөгөөд хэн нэгний амь нас, эрүүл мэндэд хор хохирол учраагүйг Израилийн тал мэдээлсэн юм.

Сүүлд тус улсын арми мэдээлэхдээ Бямба гарагт Ливаны талаас гурван дрон довтолсны хоёрыг нь устгаснаа баталсан байна.

“Гурав дахь дрон ерөнхий сайдын өргөөнд халдах замдаа Кесарягийн нэг барилгыг мөргөсөн” гэж Израилийн армийн хэвлэлийн төлөөлөгч Даниэл Хагари мэдээлжээ.

НҮБ дахь Ираны элч уг халдлагын ард Хезболла байсныг хүлээсэн байна.

“Уг халдлагыг Ливан дахь Хезболла байгууллага зохион байгуулсан” гэж тэр мэдэгдээд Ираны оролцоог няцаажээ.

2023 оны аравдугаар сарын 7-нд болсон зэвсэгт халдлагын дараа Израил улс Газын зурваст Палестины Хамас байгууллагын эсрэг дайн зарласан.

Тэр үеэс хойш Ойрх Дорнод дахь Ираны холбоотон зэвсэгт бүлэглэлүүд Израилийн эсрэг дайсагналаа эрчимжүүлсэн юм.

Иран улс өөрөө хоёр удаа Израилийн нутагт пуужингаар довтолсон бөгөөд хамгийн сүүлд аравдугаар сарын 1-нд бараг 200 орчим баллистик пуужингаар довтолж байв.

Нетаньяхугийн гэрт халдах оролдлого Ираны дэглэмийн “үнэн нүүр царай”-г илчилсэн гэж Израилийн гадаад хэргийн сайд Израил Кац өчигдөр мэдэгджээ.

Тэрбээр сошиал хуудсандаа Иран улсыг бүс нутаг дахь “чөтгөрийн тэнхлэг”-ийг үүсгэн байгуулагч хэмээн буруутгажээ.

 

Эх сурвалж: AFP