Уншиж байна ...

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп түргэн хоолны ресторанд ажиллав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 цаг 28 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Түргэн хоолонд дуртайгаараа алдартай Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч Дональд Трамп өчигдөр Пенсильвани мужийн McDonald’s сүлжээний нэг салбарт хэсэгхэн хугацаанд ажиллажээ.

Ардчилсан Намын нэр дэвшигч Камала Харрис залуудаа түргэн хоолны ресторанд ажиллаж байсан тухайгаа саяхан ярьсан нь Трампыг ийнхүү барьцахад хүргэсэн бололтой.

Энэ үеэрээ тэр Харрисын ярьсныг ямар нэг баримт нотолгоогүйгээр няцааж, “худлаа ярьсан” хэмээн маргаж байсан юм.

Хормогч зүүсэн 78 настай Трамп өчигдөр төмс шарахад нь McDonald’s-ийн ажилчинд тусалж, цонхоор автомашинтай хүмүүст үйлчилж байлаа.

зураг
 

Камала Харрис 1983 оны зун McDonald’s-ийн Калифорни дахь нэг салбарт кассчин, бас төмс шарагчаар ажиллаж байснаа дурссан юм.

Трамп өчигдөр өөрийгөө McDonald’s сүлжээнд “Камалагаас 15 минутаар илүү урт ажилласан хүн” болсныг гайхуулж, түүнийг “хэзээ ч ийм ажил хийж байгаагүй” хэмээн шүүмжилж байв.

Харрис хариуд нь “Трамп цөхрөнгөө барсан үедээ худал ярихаас өөр чадах зүйлгүй болдог. Тэр зуны амралтын ажлын талаар юу ч мэдэхгүй. Учир нь тэр зөвхөн үрэхийн тулд мөнгөн цар дээр тавьсан олон саяыг халаасалдаг байсан хүн” гэж мэдэгджээ.

Трамп, Харрис нар янз бүрийн санал асуулгаар тун ойролцоо түвшинд өрсөлдөж байгаа.

Трампын өчигдөр ажилласан Пенсильвани муж бол сонгууль бүрээр Америкийн хоёр гол намын нэр дэвшигчийг ээлжилж сонгодог “савлагаат мужууд”-ын нэг юм.

зураг
 

Өчигдөр буюу Ням гарагт дэд ерөнхийлөгч Камала Харрис 60 нас хүрчээ.

Сэтгүүлчид энэ талаар сануулахад Трамп өрсөлдөгчдөө төрсөн өдрийн баярын мэнд хүргэсэн байна.

“Би түүнд баглаа цэцэг бэлэглэе гэж бодож байна. Магадгүй жаахан шарсан төмс ч юм уу” гэж Трамп энэ үеэр ярьжээ.

Трампын хувьд түргэн хоолны сүлжээгээр үйлчлүүлэх дуртай нь нэгэнт танигдсан хүн юм.

2016 онд намаасаа нэр дэвшихэд хангалттай дэмжлэг авсныхаа дараа түүний хувийн нисэх онгоцондоо McDonald’s-ийн Big Mac зооглож буйг харуулсан зураг хэвлэлд нийтлэгдэж байв.

2019 онд тэр Цагаан ордонд үндэсний аварга болсон Клемсоны Их сургуулийн хөлбөмбөгийн багийг хүлээж авахдаа McDonald’s, Burger King, Wendy’s, Domino’s Pizza зэрэг түргэн хоолны бүтээгдэхүүнүүдээр ширээ засаж байсан юм.

 

Эх сурвалж: AFP