Уншиж байна ...

Молдовын иргэд Европын Холбоонд элсэхийн эсрэг санал өгсөн нь сонгуулийн урьдчилсан дүнгээс тодорхой болжээ

Т.Давааням, ikon.mn
4 цаг 22 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Молдовын ерөнхийлөгч Майя Санду санал хураалтын өдөр

Хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан улсуудын нэг Молдова улсад Ням гарагт ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалттай зэрэг тус улс Европын Холбоонд элсэх эсэх асуудлаар бүх нийтийн санал хураалт зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Нийт саналын хуудасны 90 орчим хувийг тоолсны дараах байдлаар молдовчуудын олонх хэсэг Европын Холбоонд элсэхийн эсрэг санал өгсөн нь тодорхой болсон байна.

Тухайлбал санал хураалтад оролцогчдын 53.9 хувь нь Европын Холбоонд нэгдэхийн эсрэг байр суурь илэрхийлжээ.

Саяхныг хүртэл хэд хэдэн урьдчилсан санал асуулгаар 63 хувь нь Европын бүрэлдэхүүнд нэгдэхийг дэмжиж байсан тул дээрх гэнэтийн үр дүн хүмүүсийг гайхшируулж байна.

Европт нэгдэхийг дэмждэг Молдовын ерөнхийлөгч Майя Санду өчигдөр орой үг хэлэхдээ энэ удаагийн сонгуулиар тус улсын ардчилал урьд өмнө үзэж байгаагүй томоохон халдлагад өртсөнийг мэдэгджээ.

Тухайлбал “гадаадын дэмжлэгтэй гэмт хэрэгтнүүд мөнгө, худал мэдээлэл, суртал нэвтрүүлгийн хүчээр” сонгогчдын саналыг эргүүлснийг тэр мэдэгдсэн байна.

300,000 орчим саналыг мөнгөөр худалдаж авсныг Молдовын засгийн газар “тодорхой баримт”-аар олж тогтоосныг Санду энэ үеэр мэдэгджээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд Майя Санду саналын тоогоор тэргүүлсэн нь тодорхой болсон байна.

Гэхдээ тэр тавин хувийн босгыг даваагүй тул арваннэгдүгээр сарын 3-нд болох хоёр дахь шатны санал хураалтаар Оросын талыг баримтлагч Социалистуудын Намын нэр дэвшигч Александр Стояноглотой өрсөлдөх юм.

Стояногло эхний шатанд бараг 30 хувийн санал авсан нь төсөөлж байснаас өндөр үр дүн болжээ.

Москвад амьдардаг Молдовын оргодол бизнесмэн Илан Шор санал худалдаж авах зорилгоор их хэмжээний мөнгө Оросоос Молдовад шилжүүлсэн хэрэгт буруутгагдаж байгаа.

Өнгөрсөн долоо хоногт цацсан видео мэдэгдэлдээ тэр Молдовын ард иргэдэд “Сандугаас өөр хэнийг ч хамаагүй” сонгохыг уриалж байжээ.

 

Эх сурвалж: BBC