“Ти Ди Би Секьюритис” ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Г.Энхбаттай ярилцлаа.
- Сайн байна уу? Танай компани хөрөнгийн зах зээлд ногоон бонд санал болгох гэж байгаа тухай дууллаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү
- Тиймээ. Бид дотоодын зах зээлд анхны санхүүгийн бус салбар, тэр дундаа эдийн засгийн бодит салбар буюу хуванцар хог хаягдал дахин боловсруулдаг үйлдвэрийн ам.долларын ногоон бондыг Монголын Хөрөнгийн Бирж буюу нээлттэй зах зээл дээр олон нийтэд санал болгох гэж байна. Энэ бонд нь мөн дотоодын зах зээлд гарч буй хамгийн өндөр буюу анхны “Excellent” үнэлгээтэй бонд юм. Уг үнэлгээ нь олон улсад нэр хүнд бүхий “Sustainable Fitch” агентлагаас өгсөн хөндлөнгийн баталгаажуулалт юм. Санаа нь жинхэнэ ногоон бонд гэж ойлгож болно ( Инээв)
- Ногоон бонд гэхээр зүгээр энгийн бондоос юугаараа ялгаатай вэ?
- Энгийн бондоос нээх их ялгаа байхгүй ээ. Гол ялгаа нь уг бондын зарцуулалт нь байгаль дэлхий, хүний амьдрах орчинд эерэг нөлөө үзүүлж байгаа гэдгээрээ л онцлогтой. Тухайлбал манай үнэт цаас гаргагч нь өнгөрсөн 3 жилийн хугацаанд 63.2 мянган тонн хүлэмжийн хий ялгарахаас сэргийлсэн, 139.9 Mвт цахилгаан эрчим хүчийг хэмнэсэн, 46.5 мянган метр куб хөрсний бохирдол үүсэхээс сэргийлсэн гээд нийгэм эдийн засагт маш их эерэг нөлөө авчирсан. Цаашид нь эдгээр тоонууд нэмэгдээд явна.
Үнэт цаас гарагч буюу “TML Plastic” үйлдвэр нь Европын Итали, Австри зэрэг улсын олон улсад чанарын шаардлага хангасан шилдэг технологиор жилд 27,000 тонн хүртэл хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах хүчин чадалтай. Энэ нь Монгол улсад нэг жилд гарч буй бүх хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах боломжтой гэсэн үг юм.
- Тэгэхээр энэ хог хаягдлыг хэрхэн цуглуулах вэ ? Ялангуяа хөдөө орон нутгийн хог хаягдлыг?
- Энэ асуултад хариулах гэж бид энэ бондыг олон нийтэд санал болгож байгаа юм. Одоогоор “TML Plastic” үйлдвэр нь хотод 3 цэг, Дархан-Уул аймагт 1 цэгээр дамжуулж хуванцар хог хаягдлыг хүлээн авч байгаа. Бондын эх үүсвэрээр үнэт цаас гаргагч маань эргэлтийн бус хөрөнгийг санхүүжүүлэхээс гадна нэмэлтээр Ховд, Архангай, Хэнтий, Дундговь, Өмнөговь зэрэг аймгуудад хог хаягдал цуглуулах цэг байгуулж эндээс цугласан хогоо Улаанбаатар хотод дахин боловсруулах ба уг бэлдэц эргээд ундаа усны савны түүхий эд болдог. Өөрөөр хэлбэл манай компанийн андеррайтер хийж буй ногоон бонд нь ТОЙРОГ ЭДИЙН ЗАСГИЙГ БИЙ БОЛГОЖ байгаа юм.
- Бондын талаар илүү мэдээлэл өгч болох уу?
- Бид бондын анхдагч зах зээлийн захиалгаа Монголын хөрөнгийн Биржээр дамжуулан 2024.10.25-2024.10.31-ны хооронд авах ба хүссэн хүн бүр манай компани болон өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан хөрөнгө оруулах боломжтой.
Жилийн 10 хувийн хүүтэй, хагас жил тутам хүү төлөгдөх нөхцөлтэй, 3 жилийн хугацаатай ам.долларын бонд. Нээлттэй зах зээл дээр арилжаалагдаж байгаа болохоор хүүгийн татвар нь хадгаламжийн хүүгийн татвараас 2 дахин бага буюу 5 хувь юм.
- Бондын хүү буюу купоны талаар танд хэлэх зүйл байна уу?
- Андеррайтерийн хувьд бид үнэт цаас гаргагчийн хүсэл болоод боломж, дотоод, гадаадын зах зээлийн нөхцөл байдал, цаашдын хүлээлт зэргээс хамаарч хүүг тогтоодог. Жилийн 10 хувийн өгөөж бол яг өнөөдрийн хувьд тохиромжтой ба ирэх 3 жилийн хугацаанд ч мөн хөрөнгө оруулагч нарыг ханшийн эрсдэлээс хамгаалах боломжтой хүү гэж харж байгаа. Дотоод зах зээл дээр банкнуудын хадгаламжийн хүү 3 орчим хувь, АНУ-ын бодлогын хүү 5 орчим хувь, Монгол Улсын Засгийн газрын олон улсын зах зээл дээр арилжаалагдаж буй бондын өгөөж 6 орчим хувь байна. Эндээс харахад үндэслэлтэй, боломжийн хүү гэж харж байгаа.
Өнгөрсөн хугацаанд төгрөгийн ханш дотоод зах зээлд байнга жилд дунджаар 8-12 хувь ам.долларын эсрэг буурч ирсэн гэж үзвэл хөрөнгө оруулагч нарын авах боломжтой нэрлэсэн өгөөж 18-20 хувь байх боломжтой гэж харж байна. Гэхдээ энэ бол баталгаа биш. Учир нь ам.долларын ханшийг таамаглахад хүндрэлтэй. Бидний зүгээс өнгөрсөн хугацааны түүхэн ханшийн гүйцэтгэл одоо өрнөж байгаа нийгэм эдийн засаг, Засгийн Газраас авч хэрэгжүүлэх гэж буй төсөл хөтөлбөр, Монгол Улсын гадаад өрийн хэмжээ зэргийг харвал энэ бонд нь хөрөнгө оруулагч нарын багцад заавал байх ёстой хөрөнгө оруулалт гэж харж байна.
- Танд өөр хэлэх зүйл байна уу ?
- БНХАУ 2019 оны 1-р сарын 1-ээс бусад улс орноос хуванцар хог хаягдлыг импортлохыг хориглосон. Энэ хүртэл бид урд хөрш рүүгээ экспортолдог байсан. Бид Сингапур улс шиг хогоо боловсруулаад далай дээр газар хийж чадахгүй ба энэ хуванцар хог хаягдал боловсруулах үйлдвэр байхгүй бол манай улсын хуванцар хог хаягдал нэг бол газарт булагдах эсвэл шатаах л сонголт үлдэнэ гэсэн үг.
Энэ талаас нь харвал энэ төсөл нийгэмд маш том ач холбогдолтой ажил гэж харж байгаа. Сүүлийн нэг жилийн хугацаанд ажилласан төслийн үр дүнгээ харах гэж байгаад их баяртай байна. Ирэх 3 жилийн хугацаанд “TML Plastic” үйлдвэр 82.6 мянган тонн хуванцар сав дахин боловсруулж 242,396 метр куб талбайд хөрсний бохирдол үүсэхээс сэргийлнэ гэж бодохоор маш сайхан санагдаж байна.
Мөн бид энэ төслийн дараа 2024 оны төгсгөлд Хөрөнгийн бирж дээр өмнө гарч байгаагүй шинэлэг хувьцааг олон нийтэд санал болгохоор ажиллаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!