Уншиж байна ...

"Халтиргаа ихтэй газруудад байршуулсан давс, хайрга, элс, шорооноос жолооч нар аваад хэрэглэж болно"

Б.Манлай
4 цаг 13 минутын өмнө
iKon.MN

Өнөөдөр өглөөний байдлаар нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 500 гаруй албан хаагч 100 орчим техник хэрэгслээр хотын гол болон туслах замыг цэвэрлэж, дагтаршсан цасыг түрэх, давс бодис цацах ажлууд үргэлжилж байгааг мэдээллээ. Урд шөнө зам талбайд 425 тонн давс, 83 тонн бодис цацжээ.

Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү "Өнөөдөр нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 500 гаруй албан хаагч 100 орчим техник хэрэгслээр замыг цэвэрлэж, дагтаршсан цасыг түрэх, давс бодис цацах ажлууд үргэлжилж байна.

Өчигдөр 33 байгууллагын 1,000 гаруй ажилтан 217 техник хэрэгслээр гудамж талбайн цасыг цэвэрлэж, 85 тонн давс, 18 тонн бодис цацсан. Хотын төв хэсэгт авто замын бөглөрөл, түгжрэл их байгаа учраас том автомашинаар давс цацахад хүндрэлтэй байна. Тиймээс шөнийн цагаар давс, бодис цацах ажлыг үргэлжлүүлнэ.

Ялангуяа хот руу орох гарах томоохон даваануудад элс, шороо, хайрга, давс зэргийг савлаж, хажууд байршуулсан. Тийм болохоор жолооч нар халтиргаа гулгаа ихтэй өгсүүр газрууд болон хотын ойрхон даваа гүвээний ойролцоо байршуулсан давс, хайрга, элс, шорооноос өөрсдөө аваад хэрэглэж болно. Харин битгий авч яваарай.

Цас цэвэрлэгээнд шинээр авсан машин, техникийг ашиглаж байгаа" гэв.

Явган болон тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг зөвлөлөө.

Зам талбайн цэвэрлэгээний 33 машиныг энэ сарын 17-нд Хятад улсаас худалдаж авсан билээ.