Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд халтиргаа гулгаанаас хамгаалах давс, бодисын нөөцлөлт 80 хувьтай үргэлжилж байгааг мэдээллээ.
Энэ талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ "Улаанбаатар хотын хэмжээнд давс, бодис нөөцлөх ажил 70-80%-тай үргэлжилж байна.
Нийслэлд өнгөрсөн өвөл 5,500 орчим тонн давс, 7,000 гаруй тонн бодис хэрэглэсэн. Энэ жилийн хувьд одоогийн байдлаар 5,500 тонн давс, 4,000 тонн бодис нөөцөллөө. Дараагийн шатны нөөцийг авахаар тээвэрлэлт, худалдан авалт зохион байгуулагдаж байгаа юм.
Давсыг орон нутгаас авч байгаа бол бодисыг авахдаа тусгай зөвшөөрөлтэй компани нийлүүлэх, экологийн болон байгальд ээлтэй, зам, талбайд идэмхий чанар багатай зэрэг шаардлагыг тавьж, худалдаж авч байна.
Энэ жил өнгөрсөн жилийнхээс их хэмжээний цас орох төлөвтэй байгаа тул цас цэвэрлэгээний машин техникийн бүрэн бүтэн байдал өндөр хэмжээнд бэлтгэгдэж байгаа.
Өнгөрсөн жилийг бодвол компаниуд машин техникээ шинэчлэх ажлыг 30-40%-аар нэмэгдүүлсэн.
Давс, бодисын нөөцлөлт, машин техникийн бэлэн байдал хангагдсан гэж үзэж байгаа. Зам талбайн ажилтны цалинг 3.5 сая болгосноор тогтвор суурьшилтай ажиллах хүмүүсийн тоо ч нэмэгдсэн үзүүлэлттэй" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!