Уншиж байна ...

Эрчим хүчний системээ сэргээх гэсэн Куба улсын гурав дахь оролдлого бүтэлгүйтжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
4 цаг 38 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Куба улсад эрчим хүчний томоохон тасалдал үүссэний улмаас бараг орон даяараа “харанхуй” болж, олон сая хүн гэрэл цахилгаангүй нөхцөлд амьдарч байгаа.

Баасан гарагийн үд дундын орчимд тус улсын хамгийн том цахилгаан станцад гэмтэл гарснаар уг тасалдал эхэлсэн юм.

Сэргээгээд байсан цахилгаан хангамж Бямба гарагийн өглөө дахин тасарсан байна.

Улмаар Бямба гарагийн орой эрх баригчид цахилгааны хангамжийг сэргээх ажилд тодорхой ахиц дэвшил гарч байгааг мэдээлсэн ч шөнө дундаас өмнө дахин харанхуйлжээ.

“Өнөөдөр оройн 10:25 цагийн орчимд үндэсний эрчим хүчний системийн ажиллагаа дахин бүрэн тасалдлаа” гэж Хавана Электрик компани Телеграм хуудсаараа мэдээлсэн байна.

Сүүлд тус компани мэдэгдлээ тодорхойгүй шалтгаанаар устгажээ.

Ням гарагийн өглөөний байдлаар цахилгаан хангамж сэргээгүй байсныг эх сурвалжууд мэдээлж байна.

Хавана Электрик компанийн мэдэгдлийн дараа Кубын эрчим хүчний яам цахилгааны хангамжийг сэргээхээр ажиллаж байх явцад нийслэл Хавана хот харьяалагддаг баруун бүсийн системд дахин тасалдал гарсныг тайлбарлажээ.

“Цахилгаан хангамжийн системийг сэргээх үйл явц хүндрэлтэй хэвээр байна” гэж тус яам Х хуудсаараа сүүлд мэдээлсэн юм.

Цахилгааны тасалдлын улмаас хоол хүнс, эм тариа, түлш шатахууны хомсдолд орсон Кубын иргэдийн хувьд гурав дахь тасалдал томоохон цохилт болж байна.

Нийслэл Хавана хотын зарим хэсэгт иргэд гудамжинд жагсаж, бухимдлаа илэрхийлж байсныг гэрчүүд мэдээлжээ.

Куба улсын гадаад интернэт холболт Бямба гарагт эрс муудсан тухай NetBlocks хяналтын байгууллага мэдээлсэн байна.

“Эрчим хүчний хямралд орсон Куба улс бараг бүхэлдээ офлайн төлөвт байгааг манай сүлжээний дата харуулж байна” гэж NetBlocks мэдээлжээ.

Зөвхөн энэ удаа ч биш сүүлийн хэдэн долоо хоногийн турш Куба улсад өдөр бүр 10-20 цаг эрчим хүчний тасалдал үүсдэг болоод байгаа.

Дэд бүтэц хуучирч муудсан, түлш шатахууны хомсдол үүссэн, эрчим хүчний хэрэгцээ нэмэгдсэн зэрэг шалтгаануудыг эрх баригчид тоочиж байна.

Бас АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны үед Кубын эсрэг тавьсан худалдааны хоригийн улмаас түлш шатахуун, сэлбэг хэрэгсэл гадаадаас олж авахад хүндрэл тулгарч буйг тайлбарлажээ.

АНУ-ын одоогийн засаг захиргаа Кубын эрчим хүчний хямралд ямар нэг үүрэг оролцоогүйгээ мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Reuters