Уншиж байна ...

Толгойгоо гэмтээсэн шалтгаанаар Бразилын ерөнхийлөгч ОХУ-д хийх айлчлалаа цуцалжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
4 цаг 15 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт гэртээ байхдаа толгойгоо гэмтээсэн шалтгаанаар Бразил улсын ерөнхийлөгч Луиз Инасио Лула да Силва энэ долоо хоногт ОХУ-д хийх байсан айлчлалаа цуцалжээ.

78 настай тэрбээр Ням гарагийн орой БРИКС-ийн дээд хэмжээний чуулганд оролцохоор Оросыг зорих байсан юм.

Хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн холбоо болох БРИКС-ийг Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк улсууд үүсгэн байгуулсан тул эдгээр орнуудын нэрийн эхний үсгүүдийг нийлүүлж бүтээсэн зохиомол үгээр нэрлэж байжээ.

Нийслэл Бразилиа хотын төв эмнэлгийн эмч нар ерөнхийлөгчдөө хэсэг хугацаанд алсын зайн нислэгээр зорчихгүй байхыг зөвлөсөн байна.

Лула дээрх чуулганд видео холбоогоор оролцохоос гадна бусад өдөр тутмын ажлаа хэвийн үргэлжлүүлэхээр болжээ.

Толгойнхоо арын хэсэгт гэмтсэн ерөнхийлөгч Бямба гарагт таван оёдол тавиулсныхаа дараа гэртээ харьсныг Бразилын хэвлэлүүд эмнэлгийн эх сурвалжаас уламжлан мэдээлсэн байна.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба гэмтлийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Хэрвээ Лула төлөвлөгөөний дагуу айлчилсан бол ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй энэ он гарснаас хойш анх удаа биечлэн уулзах байв.

Ирэх сард Бразил улсад Их 20-ийн бүлгийн дээд чуулган зохион байгуулагдах юм. Путин уг арга хэмжээнд оролцохгүйгээ Баасан гарагт мэдэгдэж байв.

Тэрбээр уг шийдвэрээ өөрийг нь баривчлах Олон Улсын Эрүүгийн Шүүхийн тогтоолоос болоогүй, харин зохион байгуулагч орныг хүндрүүлж, үйл ажиллагааг тасалдуулахаас болгоомжилсон учир шалтгаантайг тайлбарлажээ.

Өнгөрсөн онд Путин дээрх шүүхийн тогтоолын улмаас Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад зохион байгуулагдсан БРИКС-ийн дээд хэмжээний чуулганд биеэр оролцож чадаагүй юм.

Олон Улсын Эрүүгийн Шүүхийн гишүүн орныхоо хувьд Өмнөд Африк, Бразил улсууд Путинийг баривчлах үүрэгтэй.

БРИКС-ийн энэ оны дээд чуулган Мягмар гарагаас Пүрэв гарагийн хооронд Казань хотод зохион байгуулагдах юм.

 

Эх сурвалж: BBC