Уншиж байна ...

ИЗНН-ын улс төрийн зөвлөл М.Нарантуяа Нараг намын дэд даргаас чөлөөлжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
4 цаг 2 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иргэний Зориг Ногоон Намын үндэсний зөвлөл өнгөрөгч Ням гарагт хуралдаж намынхаа дэд дарга М.Нарантуяа Нараг намаасаа хасжээ.

Тэрбээр “Би намын даргынхаа төдийгүй бусад гишүүдэд зарчмын шаардлага тавьж, шүгэл үлээсэн. Хэн нэгнийг хаацайлалгүй, намын даргаа ч шүүмжилсэн болохоор намын үндэсний хороог дүрмийн бусаар хуралдуулж, намайг намын дэд даргын албан тушаалаас чөлөөллөө.

Манай нам таван эрэгтэй, дөрвөн эмэгтэй дэд даргатай. Ганцхан намайг чөлөөлөхийн тулд зүүн бүсэд намаа төлөөлж байсан эмэгтэйг бас чөлөөллөө. Ингээд бидний оронд Хажидмаа гэдэг эмэгтэйг дэд даргаар томилсон.

Эдгээр дэд дарга нараас УИХ-ын сонгуульд намдаа хандив өгсөн ганцхан хүн нь би. Намыг суудал авахад маш өндөр хувь нэмэр оруулсан нь би.

Гэхдээ надад үнэхээр хөгжилтэй санагдаад байгаа. 5 дугаар ангийн хүүхдүүд хоорондоо хуйвалдаж байгаа юм шиг инээдтэй байна.

Дүрмийн бус үндэсний зөвлөлийн хуралд манай намын дарга Б.Батбаатарын төрсөн ах Б.Батцэнгэл, төрсөн дүү нар болох Б.Батхүү, Б.Батхуяг нар нь сууж байсан. Ил харагдсан нь л тэдгээр хүмүүс. Гэтэл өөр хэдэн ч хамаатан, найз нөхөд нь намын хуралд очоод сууж байгаа юм билээ мэдэхгүй. Ийм шударга бус хурал болж байна гэж хэлсэн ч олонхоороо асуудлыг шийдсэн. ИЗНН нэг хүний нам болсон” хэмээн ярив.

Мөн тэрбээр өөрийг нь намын дэд даргаас чөлөөлөөд зогсохгүй намын гишүүнчлэлээс ч хасах асуудал удирдлагуудын түвшинд яригдаж байгааг хэлсэн юм.