Нийслэлийн гудамж, талбайд халтиргаа гулгаатай болсон үед иргэд бэртэж гэмтэх нь ихэсдэг.
Дүүргүүд зам талбайн цасыг цэвэрлэж буй хэдий ч ААН, байгууллагууд ойр орчмын цасаа цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсгэхгүй байх нөхцөл бүрдүүлэхийг УБЗАА-наас зөвлөлөө.
2009 онд батлагдсан Хог хаягдлын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 38.2-т “...гаднах орчныхоо халтиргаа гулгаатай талбайг цэвэрлээгүйн улмаас иргэд бэртэж гэмтвэл эмнэлэг, эмчилгээний зардлыг тухайн байгууллага хариуцна” хэмээн заажээ. ААН, байгууллагын гадаа халтирч унасан бол гэрэл зургаар баталгаажуулах юм байна.
Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагаас халтирч унахаас сэргийлж, бага зэрэг өвдгөө нугалан, урагш бөхийж алхах, резинэн ултай гутал өмсөх, зам гарахдаа гүйхгүй байх зэргийг зөвлөдөг. Тохойн үеийг тэнийлгэж, гараа алдалж унахад бугуйн яс хугарч, шөрмөс сунаж тасрах аюултай байна.
Халтирч унасны улмаас 2021 онд 3,849, 2022 онд 5,964, 2023 онд 8,547 хүн бэртсэн бол энэ удаад цас орсон эхний өдөр 86 хүн ГССҮТ-д очжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!