Уншиж байна ...

$50 саяын хөрөнгөтэй байснаа хэрхэн дампуурсан тухайгаа Аль Пачино дурсамж номдоо бичжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Холливүүдийн домогт жүжигчин Аль Пачиногийн “Sonny Boy” нэртэй дурсамж ном саяхан худалдаанд гарчээ.

Энэхүү дурсамждаа 84 настай жүжигчин $50 саяын хөрөнгөө хэрхэн үрж, дампуурлын ирмэгт тулж байснаа өгүүлсэн байна.

Тэрбээр бүр “Загалмайлсан эцэг” кинонд тоглосныхоо дараа л мөнгө, санхүүгийн асуудалтай тулгарч байжээ.

Аль Пачино уран бүтээлийнхээ замналын турш мөнгөнд огт санаа зовдоггүй, хувийн санхүүгийн менежэртээ бүрэн найдсаар ирсэн байна.

Эцэст нь тэр 2011 онд Европ тивд гэр бүлээрээ амарч ирснийхээ дараа данс тооцооны бүртгэлээ гүйлгэж хараад явахаасаа өмнө хамаагүй баян байснаа олж мэджээ.

Дараа нь Пачино хэд хэдэн өөр сэжигтэй баримт олж үзсэнийхээ дараа менежэртээ итгэж болохгүйг ойлгосон байна.

“Би сүйрсэн байсан. $50 саяын хөрөнгөтэй байсан би юу ч үгүй хоосорсон байлаа. Надад эд хөрөнгө байсан ч мөнгөгүй болсон байв” гэж тэр дурсамж номдоо бичжээ.

“Алдартай хүний хувьд үхэхээс гадна дампуурч сүйрэх шиг муухай зүйл байхгүй байх” гэж Пачино цааш бичсэн байна.

“Миний зарцуулсан мөнгө зүгээр л галзуурал байсан. Яг л хаалга дэлгээстэй, танихгүй хүмүүс миний гэрт хамт амьдарч байгаа юм шиг. Яг л хэн нэг нь ‘Бүгдээрээ хүрээд ир! Тэр ийм хөрөнгөтэй, гэхдээ тэр үүнийгээ огт тоодоггүй юм’ гэж зарласан юм шиг” гэж дурсжээ.

зураг
 

“Надад хоёрхон автомашин байдаг мөртлөө би 16 машинтай, тэдгээрийнхээ зардлыг төлдөг болсон байсан. Би бүр 23 гар утастайгаа мэддэггүй байж. Миний огт амьдардаггүй сууцны газрыг арчлахад жилдээ $400,000-ыг зарцуулдаг байж. Энэ тэнэг жүжигчнийг аз жаргалтай, ажилтай байлгаад үлдсэнийг нь өөрсдөө авцгаая гэсэн юм шиг л байж” гэж Пачино харамсан бичсэн байна.

Аль Пачино мөнгө санхүүдээ анхаардаггүй байсныгаа өөрийгөө данс бүртгэл ойлгохгүй гэж боддог, ойлгоход хэтэрхий хөгширсөн гэж боддог байсантай холбон тайлбарлажээ.

Ингээд тэр кино од хэвээр үлдэхийн тулд тэмцэх хэрэгтэй болсон байна.

Пачино хоёр орон сууцныхаа нэгийг зарж, өмнө нь татгалздаг байсан зар сурталчилгаандаа тоглож, сарын зардлаа төлөхийн тулд янз бүрийн уулзалт, арга хэмжээнд оролцдог болжээ.

Бүр нэг удаа гайгүй мөнгө амласан тул Адам Сандлерын найруулсан “Jack and Jill” инээдмийн кинонд тоглож байсан гэнэ.

Сүүлд тэр өөрийнх нь санхүүгийн менежэр байсан хүн Понци загварын луйврын сүлжээ ажиллуулсан хэргээр баривчлагдаж, долоон жил, зургаан сарын хорих ял сонссоныг мэджээ.

Тамирчид, жүжигчид, дуучид зэрэг олон алдартнууд хөрөнгө мөнгөндөө гамгүй хандсанаас дампуурч байсан түүхтэй.

Тэдний жагсаалтад дуучин Майкл Жэксон, боксчин Майк Тайсон, рэппэр 50 Cent, хөлбөмбөгчин Диего Марадона, сагсан бөмбөгчин Дэннис Родман зэрэг алдартнууд багтдаг.

Өнгөрсөн тавдугаар сард NBA-гийн домог Чарльз Баркли нэгэн подкаст ярилцлагад оролцохдоо Louis Vuitton цамц, Dior гутал өмссөн залуу тамирчдад санаа зовж байгаагаа илэрхийлж байв.

“Тэд үргэлж мөнгөтэй байхгүйгээ мэдэж байгаа болов уу?” гэж тэр тухайн үед хэлж байжээ.

 

Эх сурвалж: Business Insider