Уншиж байна ...

"Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр аав, ээжийгээ баярлуулах үйлд шамдаж ирсэн уламжлалтай"

П.Сайнжаргал, IKON.MN
9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр аравдугаар сарын 23-нд тохионо. 

Энэхүү онцгой өдөрт зориулсан үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулах хэвлэлийн хурлыг Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс зохион байгуулав. 

Үүнтэй холбоотойгоор Гандантэгчэнлин хийдийн ХМОНХА-ны тэргүүлэгч А.Батцэнгэл дараах мэдээллийг хүргэлээ. 



Тэрбээр хэлэхдээ "Бурхан багшийн намтар, үйлсийг нийт 12 хэсэгт хуваан үздэг. Өөрөөр хэлбэл лагшин мэндэлсэн дүйчин өдрөөс нирваан дүрийг үзүүлэх хүртэл онцгой 12 үйл явдал тохиолдсон гэдэг.

Тэдгээрийн дотроос дараах дөрөв нь онцгойд тооцогдоно. 

  1. Бурхан багшийн лагшин мэндэлсэн.
  2. Номын хүрдийг эргүүлсэн.
  3. Бурхны гэгээрлийн хутгийг олсон.
  4. Нирваан дүрийг үзүүлсэн.

Бурхан багшийн эхийн ачийг хариулсан өдрүүд онцгойд тооцогдож байгаа.

Энэ өдөр нь бурхан багш ээждээ зориулан гэгээрлийн сургаал номлолыг айлдсанаар ээж нь гэгээрлийн хутагт хүрсэн түүхтэй. Тиймээс энэ өдрийг бурхны шашинтан бүгд  "Эхийн ачийг хариулах онцгой өдөр" хэмээн үздэг бөгөөд 

  • Эцэг, эхийгээ баярлуулах
  • Аав, ээжийнхээ ачийг санах
  • Эцэг, эхээ тэтгэх үйлүүдэд шамдаж ирсэн уламжлалтай" хэмээв. 

"Эцэг, эх тэргүүтэй, эх болсон зургаан зүйл хамаг амьтны сайн сайхны төлөө маани унших зан үйлтэй"

Эхийн ачийг хариулсан дүйчин өдөр Гандантэгчэнлин хийдэд дараах үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Аравдугаар сарын 23-нд 06:30-07:30 цагийн хооронд Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээнэ.

"Тэгчэн сожон" буюу "Тэтгэн ариусах" нэртэй сахил ямар учиртай вэ гэхээр нэг өдрийн хугацаанд өглөөний нар мандах цагаас маргааш өглөө үүр цайх хүртэл сахил сахидаг. Өөрийн дотоод сэтгэлийг хянаж, тогтвортой байлгаж, уур хилэн гэх мэтчилэн сөрөг сэтгэл хөдлөлд автуулахгүйн тулд нэг өдөр сахил сахидаг онцгой үйл явдал, зан үйл юм.

Үүний дараа өглөө 08:00-18:00 цаг хүртэл Гандантэгчэнлин хийдэд бурхан багшийн Чого хурал хурна. Мөн Очирдарийн дуганд 08:00-20:00 цаг хүртэл тусгай хурал явагдана.

Түүнчлэн энэ өдөр Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам "Эцэг, эхийн ачийг хариулах тухай" сэдэвт хичээлийг Ерөнхий Боловсролын 77 дугаар сургуульд орно.

Үргэлжлүүлэн 13:00-14:30 цагт Гандантэгчэнлин хийд дээр Дарь эх бурхны даган соёрхол хүртээх үйл ажиллагаа явагдана.

14:45 цагаас Жанрайсэгийн дуганы өмнө нийтээрээ эцэг, эхийн ачийг хариулах их ерөөлийг нийт сүсэгтэн олон хамтдаа монгол хэлээр уншина.

Мөн "Эцэг, эхийн ачийг хариулах ерөөлийг Гандантэгчэнлин хийдийн фэйсбүүк хуудсаар нийтэд түгээнэ. Энэ уншлагыг бүгд хамтдаа уншина гэсэн үг. 

Энэ өдрийг угтан өнөөдрөөс эхлээд гурван хоногийн хугацаанд сүсэгтэн олон нийтээрээ маани унших юм.

Маани уншсан буянаа Жанрайсэгийн дуганы өмнө эцэг, эх тэргүүтэй, эх болсон зургаан зүйл хамаг амьтны сайн сайхны төлөө зориулж унших зан үйл явагдана. 

Тодруулж хэлэхэд бүх нийтээрээ эцэг, эхдээ зориулаад цаашлаад бүхий л амьтдын сайн сайхны төлөө хамтдаа маани унших уриалгыг та бүхэнд сонордуулж байна" хэмээн Гандантэгчэнлин хийдийн ХМОНХА-ны тэргүүлэгч А.Батцэнгэл хэллээ.