Уншиж байна ...

Н.Сугар: Төв талбайн баруун тал, Баянбүрдийн тойргийн бүх орон сууцны хороолол дундах эм улиасыг тайрч, шинэс мод тарина

Д.Янжиндулам, ikon.mn
53 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн төвийн зургаан хороонд 288 ширхэг эм улиас модыг тайрч, шинэс буюу шилмүүст мод тарих тухай өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл өглөө.

Тус дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах Сүхбаатарын талбайн баруун тал, Баруун дөрвөн зам, Баянбүрдийн тойргийн бүх байшин хорооллын дунд ургасан эм улиаснуудыг шинэс модоор солихоор болжээ. Цаашид тус дүүргийн нутаг дэвсгэрт дэх сургууль, цэцэрлэгийн орчмын эм улиасыг солихоор төлөвлөсөн байна. Энэхүү ажлыг ногоон байгууламжийг арчлалт, хамгаалалтыг хариуцдаг компаниуд урсгал зардлаараа хийх юм байна. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Чингэлтэй дүүргийн менежер Н.Сугар "Улаанбаатар хотод зуны улиралд модны цагаан хөвөн буюу унгирал хийсдэг. Энэ нь иргэдийн харшлыг хөдөлгөх үндсэн шалтгаан болж, зуны турш иргэдийн эрүүл мэнд, хэвийн амьдралын нөхцөлд нөлөөлдөг.

Улиас модны үндэс тэлж ургах тусмаа барилгын суурьд нөлөөлдөг. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байх унгирал гаргадаг буюу эм улиаснуудыг бүгдийг тайрч, үндсэнд нь шинэс модыг намар, хаврын улиралд суулгах юм.

Дүүргийн хэмжээнд 1,377 ширхэг улиас модны 538 нь эм улиас гэсэн тооцоолол гарсан. Эхний ээлжид байшин хорооллуудад байгаа 288 ширхэг улиас модыг тайрна. Шинэс модны үндэс эгц доош ургадаг учир тохижилтод нөлөөлөхгүйгээр хөрсний чийгийг хадгалах ач холбогдолтой. Улиас нь арчилгаа багатай, ургалт сайтайгаас гадна тохижилтод зарцуулах хөрөнгө бага тул Улаанбаатар хотод их хэмжээгээр тарьсан байна. Хотын ногоон байгууламжид зориулагдсан мод биш.

Одоо улиас модыг тайрч, оронд нь шинэс модыг тарих боломжтой улирал, хавар үргэлжлэх учраас иргэдэд мэдээлж байгаа юм" гэв.

Түүний мэдээлснээр улиас модны мөчрийг тайрч, унгиралгүй болгоход 150,000 төгрөгийн зардал гардаг байна. Харин унгирлын эсрэг тариа нь үнэтэй бөгөөд 2020 онд нийслэлийн хэмжээнд 60 сая төгрөгөөр 2,500 ширхгийг худалдаж авчээ. Иймд жил бүр үргүй зардал гаргахгүй байхаар зохицуулж, эм улиаснуудыг өөрчлөх гэж байгааг тайлбарлав.