Уншиж байна ...

Мексикийн ерөнхийлөгч бүх сургуулиуддаа эрүүл бус хүнс худалдаалахыг хориглох зургаан сарын хугацаа өгөв

С.Мөнхцэцэг, ikon.mn
5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Мексикийн засгийн газар ерөнхий боловсролын бүх сургуулиуддаа чихэрлэг болон давсалсан эрүүл бус хүнс худалдаалахыг хориглож эхлэх зургаан сарын хугацаа өгч байгааг өчигдөр зарлажээ.

Тус улсын үе үеийн хүүхдүүдийн гол хүнс болсон чихэрлэг ундаа, чипс, чинжүүтэй давсалсан самар зэрэг бүтээгдэхүүнүүдийг сургуулийн байр болон ойр орчимд нь худалдаалахыг хориглох юм байна.

Зургаан сарын дараа ийм зөрчил илэрвэл тухайн сургуулийн захирлыг $545-$5,450-тай тэнцэх мөнгөөр торгох бөгөөд хоёр дахь удаагаа давтагдвал торгуулийн хэмжээ хоёр дахин өсөх гэнэ.

Зарим сургуулийн удирдлагын хувьд энэ нь бараг жилийн цалинтай тэнцэх торгууль юм байна.

Мексик улсын хүүхэд багачууд эрүүл бус хүнсний хэрэглээгээр Латин Америкийн орнуудыг тэргүүлдэг. НҮБ-ын хүүхдийн байгууллагын тоо баримтаас үзвэл тус улсын хүүхдүүд нийт илчлэгийнхээ 40 хүртэл хувийг ийм төрлийн хүнснээс авдаг байна.

Үүний улмаас Мексикийн хүүхдүүдийн гуравны нэг нь илүүдэл жинтэй болон тарган ангилалд ордог болжээ.

Өмнө нь тус улсын эрх баригчид ийм хүнсийг хориглох хууль гаргаж байсан ч үр дүнд хүрээгүй юм.

2023-2024 оны хичээлийн жилд 10,000 гаруй сургуулийг хамруулсан судалгаа явуулахад 98 хувь нь өөрийн байранд эрүүл бус хүнс зардаг булантай байжээ.

Энэ сарын нэгнээс үүрэгт ажилдаа орсон Мексикийн шинэ ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаум өчигдөр үг хэлэхдээ бүх сургуулиудыг ундны цэвэр усны хангамжтай болгож, хүнсний ногоо давамгайлсан эрүүл хоолоор хангах төлөвлөгөөгөө зарласан юм.

“Төмсний чипсийн оронд шоштой тако идэх, хийжүүлсэн ундааны оронд хибискус цэцгийн шүүс уух нь хамаагүй эрүүл хооллолт болно” гэж тэр энэ үеэрээ хэлсэн байна.

Мексикийн 255,000 орчим ерөнхий боловсролын сургуулийн ихэнх нь ундны усны хангамжгүй байдаг. 2020 оны байдлаар 10,900 сургууль буюу ердөө 4 орчим хувь нь цэвэр усны хангамжтай байжээ.

Мексик улс 2010-2020 оны хооронд хүнсний бүх бүтээгдэхүүний уут савны гадна талд давс, чихэр, ханасан өөх тос, нэмэлт илчлэгийн өндөр тун хэмжээний талаар анхааруулга тавьдаг болох хуулийг хэрэгжүүлсэн. Сургууль дээр зардаг зарим бүтээгдэхүүн дээрх дөрвөн анхааруулгыг бүгдийг нь агуулсан байдаг.

Харин шинэ журмаар дээрх дөрвөн анхааруулгын ядаж нэгийг агуулсан хүнсний бэлэн бүтээгдэхүүнийг сургууль дээр болон ойр орчимд нь худалдаалахыг хориглох юм.

Гэхдээ эрх баригчид сургуулийн ойролцоох замын хажууд ийм хүнс зардаг худалдаачдыг яаж хориглох нь тодорхойгүй байна.

Сүүлийн үеийн судалгаагаар сургуулиудын 77 хувь нь гаднаа ийм жижиглэн худалдааны цэгтэй байдаг гэсэн тоо гарчээ.

 

Эх сурвалж: Associated Press