Өмнөд Солонгосын засгийн газар Оросын талд тулалдахаар очсон Умард Солонгосын цэргүүдийн үйл ажиллагааг ажиглах тусгай мэргэжилтнүүдийн багийг Украинд илгээх талаар судалж байгааг албаны эх сурвалж өнөөдөр өглөө мэдээлжээ.
Тус улсын тагнуулын байгууллага Умард Солонгосын 1,500 орчим цэрэг Украины фронтод тулалдахаар ОХУ-ын нутаг дэвсгэрт очсон тухай өнгөрсөн долоо хоногт мэдээлж байлаа.
Пёняны дэглэм нийтдээ 12,000 орчим тусгай хүчний алба хаагчаа Оросын армид илгээхээр төлөвлөснийг уг мэдэгдэлд бас дурдсан юм.
“Оросын талд тулалдуулахаар илгээсэн Умард Солонгосын тусгай хүчний цэргүүдийн тактик, байлдааны чадварыг ажиглах хянахын тулд бие бүрэлдэхүүнийг Украинд илгээх боломжийг судалж байна” гэж Өмнөд Солонгосын албаны эх сурвалж мэдээлжээ.
Уг бүрэлдэхүүнд Өмнөд Солонгосын тагнуулын албаны мэргэжилтнүүд багтаж, Умардын цэргүүдийн байлдааны тактик, ур чадварыг тандахаас гадна олзлогдсон цэргүүдээс мэдүүлэг авахад оролцох гэнэ.
Мөн Өмнөд Солонгосын засгийн газар Украинд зэвсэг нийлүүлэх боломжийг ч судалж байгаа гэжээ.
Өнөөдрийг хүртэл тус улс Украинд зэр зэвсэг нийлүүлэхээс татгалзаж, зөвхөн хүмүүнлэгийн тусламж үзүүлж байсан юм.
“Умард Солонгос-Оросын цэргийн хамтын ажиллагааны төлөв байдлыг ажиглахын хажуугаар тохирох хариу арга хэмжээг үе шаттай авах болно. Тухайлбал үхэлд хүргэх зэвсгээс илүүтэй хамгаалалтын зэвсгийг нэн тэргүүнд нийлүүлэх, үхлийн зэвсэг нийлүүлэх шаардлагатай тохиолдолд шууд бус арга замаар хэрэгжүүлэх боломжийг судална” гэж эх сурвалж ярьжээ.
Умард Солонгос цэргээ илгээсний хариуд юу авч болох талаар сэтгүүлчид асуухад Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Жон Ха Кю “санхүүгийн тусламж, эсвэл дэвшилтэт технологи өгөх магадлалтай” гэж өнөөдөр болсон ээлжит хэвлэлийн хурлынхаа үеэр хариулжээ.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!