Уншиж байна ...

Э.Болормаа: Өндөр үнэтэй автомашин, импортын архи, тамхины татвар нэмэх асуудлыг яагаад төсөвт тусгасангүй вэ?

А.Ням-Өлзий, iKon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ирэх оны төсвийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Болормаа татварын бодлогын талаар Сангийн сайдаас асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Э.Болормаа: Энэ удаагийн төсөв дээр татвар нэмэхгүй гэдэг нэгдсэн байр суурьтай байгаа юм байна. Гэхдээ өмнө нь Сангийн яаман дээр хэлэлцэж байсан өндөр үнэтэй автомашины татвар гэх мэт асуудлыг яагаад төсөвтэй хамт оруулж ирсэнгүй вэ. Манай улс нэг хүнд ногдох “Ланд 300” машины тоогоор бараг л дэлхийд нэгдүгээрт жагсаж байгаа байх. Зөвхөн 2024 оны өнөөдрийг хүртэлх тоог харахад 3,000 гарчихсан явна.

Иймэрхүү өндөр үнэтэй автомашин эсвэл импортын архи, тамхин дээр татвар нэмэх асуудлыг бодолцсон уу.

Салбар салбараас улсын төсөв рүү мөнгө ороод тэндээс нь тараах биш тухайн салбарт нь эргүүлээд ухаалгаар зарцуулах боломж бий юу. Жишээ нь, бензиний татварыг зам засвар руу, магадгүй импортын архи, тамхины татварыг эрүүл мэндийн даатгалын сан руу оруулдаг ч юм уу ухаалгаар шийдэх боломжтой юу гэдгийн Сангийн яамнаас асууя.

Сангийн сайд Б.Жавхлан: Заавал УИХ-аар хэлэлцэлгүй Засгийн газар өөрөө дангаараа шийдээд явах хэд хэдэн татварын төрөл байдаг. Үүний нэг тансаг хэрэглээний татвар нь орлого бүрдүүлдэг татварын төрөл гэхээсээ илүү салбар дундын зохицуулалтын төрөл юм.

Моторын багтаамж өндөртэй автомашины тухайд Улаанбаатар хотын нягтрал, түгжрэлтэй холбоотой хариу арга хэмжээ авъя гэдэг санал гаргах юм бол бид судалж үзэх болно.