Уншиж байна ...

О.Номинчимэг: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төсөв 6-7 дахин буюу 489 хувиар өссөний шалтгаан юу вэ?

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 10 сарын 22
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар 2025 оны төсвийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төсөв өссөн, мөн тус байгууллагын харьяа нийслэлд үйл ажиллагаа явуулдаг ангиуд түүхий нүүрс түлж байгаа тухай хэллээ.

Тэрбээр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төсөв бараг 6-7 дахин буюу 489 хувиар өссөн байна. Үүний шалтгаан юу вэ. Энэ төсвийг юунд зарцуулах вэ?

2017 оноос нийслэлд түүхий нүүрс түлэхийг хориглосон. Гэтэл ШШГЕГ-ын харьяа 33 уурын зуух одоо хүртэл Багануурын түүхий нүүрс түлж байгаа. ШШГЕГ-ын төсөв нь Хууль зүйн яамны төсөвт байдаг. Засгийн газраас дээрх 33 уурын зуухны технологийг шинэчлэх тогтоол гаргаж байсан. Энэ ажил ямар шатандаа байгаа вэ.

Хууль зүйн сайд О.Алтангэрэл: Энэ удаагийн төсөв өссөн. Ер нь ял эдлүүлдэг байгууллага өөрсдөө дотроо орлоготой юм чинь болгоно биз гэдэг хандлагатай явсаар ирсэн. Төсөв нэмэгдсэн нь үүнийг засаж байгаа хэлбэр юм. Төсвийн нэмэгдэл орон тооны нэмэгдэл болон урсгал зардалд зарцуулагдана.

ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа А.Намсаманд: Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг хорих байгууллагуудын уурын зуухны асуудлыг үе шаттайгаар шинэчилж байгаа. Өмнө нь түүхий нүүрс түлдэг байсан. Одоо сайжруулсан түлж түлж байгаа. Гэхдээ уурын зуухнуудыг анх түүхий нүүрс түлдэг байхаар барьсан. Тийм зууханд сайжруулсан түлш түлэхээр сороод байдаг. Өөрөөр хэлбэл, түүхий нүүрс түлж 7 жил ашиглана гэж төлөвлөсөн байтал сайжруулсан түлш түлснээр бидний ярьж заншсанаар уурын зуухаа “сорчихдог”. Тиймээс уурын зуухнуудаа солих асуудлыг оруулж ирсэн.

Энэ жил 22 уурын зуухаа солихоор тендер зарласан. Энэ онд багтаан шийднэ. Бусдыг нь шинэчлэхээр ирэх оны төсөвт тусгасан.

Одоо ажиллаж байгаа уурын зуух болгон дээр мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж байгаа.

Төсөв нэмэгдсэн тухайд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг манай байгууллага хэрэгжүүлдэг болсон. Шүүх хурал нь болох гэтэл очдоггүй хүн олон бий. Тэдгээр хүмүүсийг эрж сурдаг ажлыг манайх хариуцна. Үүнд шаардлагатай хүн хүч, техникийн зардал нэмэгдэж байгаа.