Монгол оронд өвөл болохоор монгол хүн угаартаж нас барлаа гэхээр сэтгэл эмзэглэх юм. Нүүрстөрөгч агуулсан түлш шатах явцдаа угаарын хийг тодорхой хэмжээгээр үүсгэж байдаг. Угаартахгүйн тулд дараах зүйлд сэрэмжтэй арга хэмжээ авч байхгүй бол угаартаж нас барах нь.
Нэгд, угаартахгүй байх эрсдэлийг байхгүй болгодог зүйл бол төвийн халаалтад холбогдсон орон сууцанд амьдрах. Яагаад гэвэл түүхий нүүр, түлээ, сайжруулсан түлш бүгдээрээ шатахдаа тодорхой хэмжээгээр угаарын хий үүсгэж байдаг тул угаарын хий мэдрэгч тавибал зохистой.
Хоёрд, Гэр орон түлш түлж халдаг бол зуух яндангаа орон сууцныхаа гадна байлгаж халаах технологи нэвтрүүлбэл угаартахгүй. Яагаад гэвэл угаарын хий бид нарын амьсгалах агаарт агуулагдахгүй байвал сайн.
Гуравд, үнэхээр гэр орондоо зуух хэрэглэдэг бол агаарын сэлгэлт сайн байх шаардлагатай. Яагаад гэвэл түүхий нүүрс, сайжруулсан түлш шатахдаа бид нарын амьсгалах агаарт агуулагдах хүчилтөрөгчийн оролцоотой явагддаг процесс.
Дөрөвд, зуух яндангийн технологи стандартын дагуу байх хэрэгтэй. Яагаад гэвэл угаарын хий агаараас бага зэрэг хөнгөн тул бид нарын амьсгалах агаарт бус яндангаар шууд гадагшилж байвал зохилтой.
Түлш шатахад тодорхой хэмжээгээр угаарын хий үүсгэж байдаг.
Монгол орон жилийн дөрвөн улиралтай тул өвөл болдог. Өвөл болохоор цас орж хүйтэрдэг болохыг хүн бүр мэднэ. Энэ их хүйтэн улирлыг өнөтэй давахын тулд бид дулаахан тохилог орон байр, гэртээ аж төрөх шаардлагатай болдог. Орон байр, гэр орноо дулаан байлгахын тулд гал түлж дулаан болгох, төвийн халаалтад холбогдох шаардлагатай болно. Төвийн халаалтад орон сууц холбогдож гал түлэх шаардлагагүй байдаг бол гэр хорооллын айл зуухандаа гал түлж дулаан болгох хэрэгцээ тулгардаг. Бид гэрийн зууханд ихэвчлэн дулаан үүсэх, гал дээр хоол ундаа хийх зорилгоор түлш буюу нүүрсийг өргөн ашиглана.
Сайжруулсан түлш, түүхий нүүрсний үндсэн бүрэлдэхүүн бол нүүрстөрөгч хэмээх бодис байдаг болохыг та бид мэднэ. Нүүрстөрөгч нь агаарт агуулагдах хүчилтөрөгчийн тусламжтайгаар шатаж нүүрсхүчлийн хийг үүсгэхийн зэрэгцээ их хэмжээгээр дулаан ялгаруулдаг. Нүүрсхүчлийн хий агаарт тодорхой хэмжээгээр агуулагдаж байдаг ч хүний биед хоруу шинж чанаргүй. Яагаад гэвэл бид хүчилтөрөгчөөр амьсгалж нүүрсхүчлийн хийг ялгаруулдаг. Мөн түлшээр ажиллах машин механизм ялгаруулахаас гадна бидний сайн мэдэх кока кола ундааг хийжүүлэхэд ашигладаг.
Угаарын хий бол нүүрстөрөгчийн дан исэл буюу карбон моноксид юм. Энэ угаарын хий бол хүчилтөрөгч багатай орчинд нүүрстөрөгч агуулсан түлш болох нүүрс, сайжруулсан түлш шатахад үүсдэг. Өөрөөр хэлбэл нүүрс хүчилтөрөгчийн тусламжтайгаар шатахдаа хүчилтөрөгч хангалттай бус тул дутуу шатдаг гэсэн үг. Иймд түүхий нүүрс болон сайжруулсан нүүрс түлэхэд угаарын хий тодорхой хэмжээгээр үүснэ.
Ялангуяа агаарын солилцоо багатай, битүү орчинд бага зэрэг агуулагдах хүчилтөрөгч зарцуулагдан дуусаж улмаар угаарын хий үүсэх шалтгаан болдог. Энэ хүчилтөрөгчийн тусламжтайгаар түлш шатдаг бол бид энэ хүчилтөрөгчийг ашиглаж амьсгалж бодисын солилцоогоо явуулдаг.
Угаарын хий буюу карбон моноксидтой агаараар бид амьсгалахад карбон моноксид агаартай уушгинд орно. Амьсгалсан агаар уушгинд хийн солилцоонд ороход агаарын хүчилтөрөгчийг биш, харин угаарын хий улаан эсэд агуулагдах гемоглобинтой холбогдоно.
Хэвийн үед агаарт агуулагдах хүчилтөрөгч нь улаан эсийн гемоглобинтой холбогдон цусаар зөөвөрлөгдөн, улмаар эд эсэд очиж бодисын солилцоонд оролцож, хэвийн үйл ажиллагааг хангадаг. Гэтэл угаарын хий гемоглобинтой холбогдож карбоксигемоглобин үүсгэснээр хүчилтөрөгчийг холбох чадваргүй болгодог. Угаарын хий цусанд орж гемоглобинтой холбогдох чадвар хүчилтөрөгчөөс 240 дахин илүү байдаг. Иймд бага хэмжээний угаарын хий байхад агаарын хүчилтөрөгчөөс өрсөж холбогдох чадвартай гэсэн үг.
Амьсгалсан агаараар орж ирсэн хүчилтөрөгчийг холбох гемоглобины тоо цөөрч улмаар эд эс хүчилтөрөгчийн дутагдалд орох аюул бий болно. Яагаад гэвэл хүчилтөрөгчийг холбож зөөвөрлөдөг цусны эсийн бүтэц болох гемоглобин угаарын хийтэй холбогдсон гэсэн үг. Иймээс тархи, зүрхэнд очих хүчилтөрөгчийн хэмжээ буурч, угаарын хийн хордлого үүсэж эхэлдэг.
Хүн угаартсан эсэхээ төдийлөн мэдэхгүй вирусийн халдвараар өвдсөн хэмээн андуурах нь элбэг байдаг. Тархинд очих хүчилтөрөгчийн хэмжээ багассанаар толгой эргэх, толгой өвдөх, бөөлжих, дотор муухайрч, ядарч сульдана. Харин зүрхэнд очих хүчилтөрөгчийн хэмжээ буурахад хэм алдагдах, цээжээр өвдөх, бөөлжих, амьсгал бачуурах шинж илэрдэг. Улмаар угаарын хийнд гүн хордоход ухаан алдах, таталт өгөх зэрэг амь насанд аюултай шинж илэрч эхэлнэ.
Угаартаж эхлэхэд тархи мэдрэлийн талаас толгой өвдөх, дотор муухайрах, толгой эргэх, нойрмоглох, бөөлжих ханиалгах шинж тэмдэг илэрнэ. Харин зүрх судасны тогтолцооноос цээжээр өвдөх, амьсгал бачуурах, хоолой хорсох, нүд хорсох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Эдгээр зовууриас гадна битүү орчинд гал түлсэн, гэр бүлийн хүмүүс бүгдэд дээрх зовуурь илрэх, сэтгэл санааны байдал тогтворгүй болж өөрчлөгдөж болно. Хэрвээ хордлогын төв, томоохон эмнэлэг рүү хүргэгдвэл цусанд COHb гемоглобиныг хэмжих боломжтой.
Угаарын хийгээр хэр хордсон эсэхийг үнэлэхийн тулд цусанд угаарын хийтэй холбогдсон карбоксигемоглобин болох COHb гемоглобины агууламжийг хэмждэг. Мөн угаарын хийн хордлогыг ханиад томуутай андуурах тохиолдол байдаг. Ханиад томуу, хордлогын үед толгой өвдөх, ядарч сульдах, амьсгаадах, дотор муухайрах зэрэг адилхан шинж илэрдэг. Тиймээс иргэд эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж, цаг алдахгүй арга хэмжээ авч, шаардлагатай үед эмчид хандах хэрэгтэй.
Угаарын хийн хордлогын хэмжээнээс хамаарч тусламж үйлчилгээ ялгаатай боловч гол эмчилгээ бол хүчилтөрөгчөөр амьсгалах юм. Хэрвээ угаарын хийн хордлого үүссэн гэж сэжиглэвэл угаарын хийтэй орчноос гарч, цэвэр агаарт гарах, шингэн зүйл сайн уух, дулаан байх хэрэгтэй.
Хэрвээ эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн тусламж авах шаардлагатай. Угаарын хийн хордлогоос сэргийлж иргэд гэртээ угаарын хийн мэдрэгч тавих, агаарын солилцоог сайн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, зуух ашигладаг бол яндан, зуухыг сайн хөөлж утаа гаргах замыг чөлөөтэй болгох хэрэгтэй.
Өвөлд дулаанаа алдахаас сэргийлж цонх, хаалгаа хаан агаарын солилцоо явуулахгүй байх нь угаарын хий үүсгэх эх сурвалж болдог.
Энэхүү мэдээллийг бэлтгэхэд Harvard Health Publishing эх сурвалжийг ашиглаж эрүүл мэндийн боловсрол олгоход зориулсан болно.