Зураг
Зураг
Индэр    
2024 оны 6 сарын 24
Зураг
"Эрүүл хэв маягийг түгээгч, Зүрх судасны эмч"

Идэвхтэй дасгал хөдөлгөөн бол юугаар ч орлуулшгүй эм

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголчууд бид хэдэн мянган жилийн турш нүүдэлчдийн соёлоо дагаж идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй байж ирсэн.

Өдөр тутмын хөдөлгөөн бол та бидний эрүүл мэндэд тустай боловч идэвхтэй дасгал хөдөлгөөн гэдэг ойлголт бол арай өөр зүйл юм. Идэвхтэй дасгал хөдөлгөөн гэдэг нь зүрхний цохилт олширсон, амьсгалын тоо нэмэгдсэн, хөлс гарч хөлрөх хэмжээний эрчимтэй хөдөлгөөнийг хэлж байгаа хэрэг.

ДЭМБ дээрх идэвхтэй дасгал хөдөлгөөнийг өдөр бүр 30-60 минут эсвэл долоо хоногт 2-4 цаг орчим дунд зэргийн эрчимтэй буюу зүрх, амьсгалын тоо нэмэгдсэн, бодисын солилцоо эрчимжих хэмжээний дасгал хөдөлгөөнийг хийх хэрэгтэй гэж тодорхойлжээ.

Тэгэхээр та бидний гэр зуур алхах, босож суух, ойр зуур алхах зэрэг өдөр тутмын хөнгөн зэргийн хөдөлгөөнийг идэвхтэй дасгал хөдөлгөөн гэж үзэхгүй гэсэн үг.

Идэвхтэй дасгал хөдөлгөөний нэг бол гүйх хэв маяг юм

Бид идэвхтэй дасгал хөдөлгөөн хийснээр булчингийн эд эсэд хүчилтөрөгч, тэжээлийн бодисын хэрэгцээ хэд дахин нэмэгддэг. Энэ хэрэгцээг хангахын тулд симпатик мэдрэл эсвэл эргэх холбоогоор зүрхний цохилт нэмэгдэж, амьсгалын тоо олширч, цусны эргэлтийг сайжирдаг.

Эцсийн үр дүнд булчингийн эд эс гэлтгүй биеийн эд эсэд исэлдэн ангижрах урвал эрчимтэй явагдаж бодисын солилцоо сайжирдаг юм. Улмаар булчингийн эд эсэд дулаан үүсэлт нэмэгдэж, дулаанаа гадагшлуулахын тулд хөлөрч хөлс ялгарна. Ингээд идэвхтэй дасгал хөдөлгөөний нөлөөгөөр бие махбодын бодисын солилцоо сайжирч эд эс сэргэж нөхөн төлжиж байдаг.

Идэвхтэй дасгал хөдөлгөөн тогтмол хийхэд дархлаа тогтолцоог сэргэдэг

Идэвхтэй дасгал хөдөлгөөний нөлөөгөөр цусны эргэлт сайжирдаг. Цусны эргэлт эрчимжсэнээр судсанд агуулагдах улаан эс, дархлааны цагаан эс хөдөлгөөнд оршиж идэвхтэй төлөвт шилждэг гэсэн үг. Тухайлбал идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхэд амьсгалын тоо нэмэгдэж уушгины агааржилт сайжирдаг. Эдгээр зүйлийн нөлөөгөөр цусанд дархлааны цагаан эс, эсрэг бие цусны эргэлтэд орж гаднын халдварт өртөх эрсдэлийг бууруулна. Үүний зэрэгцээ амьсгалын замд агуулагдах бактери нян зэрэг гаднын биетийг гадагшлуулах үйл ажиллагаа сэргэж байдаг.

Бид идэвхтэй дасгал хөдөлгөөн хийснээр стрессийн үр дүнд ялгарсан катехоламин хэмээх бодисыг задалж зарцуулж байдаг. Идэвхтэй дасгал хөдөлгөөний нөлөөгөөр захын судас агшихгүй харин ч цусны эргэлт нэмэгдэж бодисын солилцоо сайжирдаг. Эдгээр цусны эргэлт хангалттай орчинд дархлааны хариу урвал эрчимтэй өрнөх боломжийг бий болгодог учраас гаднын халдвараас хамгаалах үйл ажиллагаа дээшилнэ. Иймд дархлаа сэргээх идэвхжүүлэх янз бүрийн биологийн бэлдмэл гэхээсээ илүүтэй идэвхтэй дасгал хөдөлгөөний дадалтай болох нь маш чухал юм.

зураг
 

1. Хөдөлгөөний хомсдолтой хүний дархлааны залгигч эс гаднын бактерийг (улаан сум) залгих идэвх хангалтгүй байдаг,
2. Идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй хүний дархлааны залгигч эс гаднын бактерийг залгиж буй байдал. (Michael N. Starnbach, PhD, Harvard Medical School)

Гүйхэд байгаль эхтэйгээ харьцах боломжийг нэмэгдүүлдэг

Орчин технологи хөгжиж дэлгэцийн хамааралтай болсон байна. Гүйлт бол байгаль эхтэйгээ харьцаж дэлгэцийн хамаарлаас холдох боломжийг олгодог. Тэр дундаа цэцэрлэгт хүрээлэн, ой мод, байгальд гүйвэл цэвэр агаараар уушги амьсгалахаас гадна цус хүчилтөрөгчөөс сайн баяжиж байдаг. Гадаад наранд гүйхэд арьсанд витамин Д нийлэгжиж өөртөө нийлэгжүүлэх ач холбогдолтой.

Идэвхтэй дасгал хөдөлгөөн бол эрүүл хэв маягийн салшгүй нэг хэсэг юм. Идэвхтэй дасгал хөдөлгөөнийг ямар ч эмээр орлуулах боломжгүй байдаг. Идэвхтэй дасгал хөдөлгөөний нэг бол гүйх хэв маяг юм. Нийслэлчүүд бид гүйх хэв маяг, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг ажил амьдралдаа урлах хэрэгтэй.

Монгол хүн 80+ насалъя.
Монгол аав бүр тэтгэвэрт гардаг болъё.