Зураг
Зураг
Индэр    
2023 оны 3 сарын 16
Зураг
"Эрүүл хэв маягийг түгээгч, Зүрх судасны эмч"

Эсийн дасан зохицол гэж юу вэ?

Зураг
RecNotes.com

Хүн хамраа ухаад гэмтээгээд байвал хамар унжиж томрохгүй, тухайн эс генетикээсээ кодлогдож харилцан адилгүй дасан зохицож байдаг.

Оюутан үедээ эмгэг физиологийн хичээлийг илүүтэй сонирхдог байжээ. Хоёрдугаар курсдээ уг хичээлийг сонирхдог болохоор лекцийн хамгийн урд суухыг хичээдэг байсан сан.

Нэг өдөр эсийн дасан зохицолтой холбоотой лекцийг өвгөн багш минь уншиж билээ.

Өвгөн багш хэлэхдээ хүний биеийн эсэд ямар нэг цочруул, гэмтээгч хүчин зүйл нөлөөлөхөд тухайн эс тэр зүйлд хариу урвал үзүүлж дасан зохицож эхэлдэг. Иймд хүний биеийн ямар эд, эс гэдгээс хамаарч харилцан адилгүй дасан зохицох эсвэл гэмтэж байдаг. Эсийн энэхүү өвөрмөц онцлог бол үр тогтсон цагаас эхэлж анх үүсэж бий болохдоо программчлагдсан байдаг.

Тухайлбал, хүн хамраа гэмтээж хэчнээн ухсан ч унжиж томрохгүй, арьсаа хэчнээн шалбалж гэмтээсэн ч эвэр ургахгүй гэх мэт эс бүр өөрийн гэсэн онцлогоор аливаа цочруулд дасан зохицох шинж чанартай.

Хүний биеийн эсийн онцлог

Хүний бие бол маш гайхамшигтай бүтэц, тийм амархан эмгэгшиж өөрчлөгддөггүй.

Яагаад гэвэл 30 триллион эс гайхамшигтайгаар өөр хоорондоо холбогдож нэгдмэл байдлаар үйл ажиллагаагаа гүйцэтгэж хүний биеийг бүтээнэ. Хүний биеийг бүтээхээс гадна байгаль дэлхийтэйгээ дасан зохицож амьдардаг.

Хүний биеийн эсэд хүрээлэн буй орчны хүчин зүйл, гэмтээгч хүчин зүйл нэг удаа, эсвэл нэжгээд удаа нөлөөлөөд байхад тухайн эс дасан зохицох эсвэл сөнөрч гэмтдэг. Хэрвээ тэр цочруул үйлчлэхээ болиход тухайн эс дасан зохицох төлөвөө өөрчилж хэвийн болж болно.

Хэрвээ цочруул нөлөөлөөд байвал тухайн эс дасан зохицох чадвар шавхагдаж эс гэмтэж сөнөрч болдог. Мөн зарим эс аливаа гэмтээгч хүчин зүйлийн нөлөөгөөр хоруу чанартай эс болж хувирч болно. Тухайлбал, хорт хавдрын эс бол нэгдмэл үйл ажиллагаанд захирагдахгүй, дураараа өсөж үржих чадвартай, улмаар хүний биеийг эмгэгшүүлж үхэлд хүргэдэг эс юм.

Харин эсэд гэмтээх хүчин зүйл үйлчлээд байвал дасан зохицож байна гээд дураараа өсөж үржээд байхгүй, эсийн дасан зохицох, сөнөрөх үйл ажиллагаа генетикээсээ зохицуулагдсан байдаг.

Эс дасан зохицох төлөв

Эс физиологийн хувьд эс дасан зохицохдоо нэг бол нөхөн төлжих (regeneration), нөгөө бол эс үржих (hyperplasia), эс хэмжээгээрээ томрох (hypertropia), эс хэмжээгээрээ жижгэрч хорчийх (atrophy), эсвэл эсийн хэв шинжээ алдаж өөрчлөгдөж (metaplasia) болдог. Янз бүрийн цочруулд эс бүр харилцан адилгүй байдлаар дасан зохицож байдаг (Зураг).

Гэхдээ эдгээр эсүүд анхнаасаа кодлогдсон тул дасан зохицохдоо тодорхой төлөвт шилжиж өөрчлөгдөнө. Тухайлбал, бид араг ясны хөндлөн судалт булчингаа хөгжүүлэхэд булчингийн эс томорч булчингийн тонус нэмэгддэг болохоос биш хуваагдаж олшрохгүй гэсэн үг.

Зураг

зураг
 

Эс нөхөн төлжих (regeneration)

Зарим эс гэмтээгч хүчин зүйл үйлчлэхэд нөхөн төлжих байдлаар дасан зохицдог.

Тухайлбал, биеийн арьс гэмтэж шалбарахад шинэ эс үүсэх байдлаар нөхөн төлжинө. Ийм нөхөн төлжих чадвартай эсүүдэд арьс, элэгний эс ордог бол нөхөн төлжих чадвар муутай эсүүдэд шөрмөсний эс ордог.

Харин гэмтэж сөнөрсөн бол нөхөн төлжих чадваргүй эс байдаг. Жишээлбэл, уураг тархийг бүтээх мэдрэлийн эс бол нөхөн төлжихгүй гэсэн үг. Бага балчир байхад үүссэн бол насан туршдаа тэр хэвээрээ байдаг тул үхэж цөөрдөг болохоос шинээр үүсэхгүй.

Архи хэтрүүлэн хэрэглэх бүрд тархины эс сөнөрч үхжиж байдаг.

Эс үржих олшрох буюу гиперплази (hyperplasia)

Ийм онцлогтой эс бол цочруул ирэхэд эс хуваагдаж олширч дасан зохицдог. Харин эрүүл эсийн өсөлт олшролт бол хяналттай байдаг, харин хорт хавдрын эс бол хяналтгүйгээр өсөж олширдог. Жишээлбэл, эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөгийн үед эстрогений нөлөөгөөр эндометрийн эс олширч гиперплази болдог. Энэ бол физиологийн эс үржих үзэгдэл юм.

Эс хэмжээгээрээ томрох буюу гипертрофи

Эсийн гипертрофи гэдэг нь цочроогч хүчин зүйл үйлчлэхэд эсийн тоо нэмэгдэхгүйгээр эсийн хэмжээ томрох үзэгдэл юм. Гипертрофи нь ихэвчлэн эд эсийн үйл ажиллагааны эрэлт хэрэгцээ ихэссэн эсвэл дааврын өдөөлттэй үед тохиолддог. Тухайлбал, эсийн гипертрофи бол араг ясны булчин эсийн популяцад түгээмэл тохиолдох дасан зохицох хэлбэр юм. Араг ясны булчинд механик хүч үйлчлээд байвал эс томорч булчингийн тонус нэмэгдэнэ.

Эс хатингаршиж жижигрэх буюу атрофи

Энэ хэлбэрийн эсүүд цочроогч хүчин зүйл үйлчлээд байвал хэмжээ жижгэрэх эсвэл тооны хувьд цөөрч болдог. Тухайлбал, жирэмсэн эх төрсний дараа умайн өсөлтийг өдөөх дааврын хэмжээ багасахад эс жижгэрч умай багасаж эхэлнэ.

Эс хэв шинжээ алдах буюу метаплази

Метаплази гэдэг бол нэг төрлийн хэв шинжтэй эс өөр хэв шинж руу өөрчлөгдөх үзэгдэл юм. Тухайлбал, улаан хоолойн сөргөө өвчний үед ходоодны хүчил улаан хоолой руу сөргөөд байвал хавтгай хучуур эд метаплази өөрчлөлтөд ордог. Гэхдээ метаплази өөрчлөлт бол хэвийн бус дасан зохицох үйл явц юм.

Эцэст нь хэлэхэд цочруул эсвэл гэмтээгч хүчин зүйл хүний биед үйлчлэхэд харилцан адилгүй дасан зохицох эсвэл гэмтэж сөнөрдөг. Эс сөнөрөх эсвэл дасан зохицох үйл явц генетикээсээ кодлогдож хэв шинжээ хадгалж байдаг. Тухайлбал, хүн хамраа ухаад гэмтээгээд байвал хамар унжиж томрохгүй, гараа эсгэж гэмтээгээд байвал эвэр ургахгүй гэсэн үг.

Иймд эрүүл мэндийн мэдлэг боловсролоо дээшлүүлж эрүүл амьдралын хэв маягаа урлаж эх орондоо урт удаан насалъя.