Уншиж байна ...

Монголын байгалийн өв сангийн Гүйцэтгэх захирлаар Э.Номиндарь томилогдлоо

ikon.mn
45 минутын өмнө
Сурталчилгаа

Монголын байгалийн өв сангийн Гүйцэтгэх захирлаар Энхтөр овогтой Номиндарийг 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдөр томиллоо. Биологийн олон янз байдлыг урт хугацаанд хамгаалах, байгаль хамгааллын тогтвортой менежментийг хэрэгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан Монголын байгалийн өв санд түүнийг тогтвортой санхүү, байгаль орчны манлайллын арвин туршлагыг авчирна гэж үзэж буй юм.

зураг
 

Э.Номиндарь нь ногоон санхүүжилт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр арав гаруй жилийн хугацаанд манлайлан ажилласан бөгөөд Монгол Улсад төдийгүй олон улсын хэмжээнд тогтвортой санхүүжилтийн олон чухал санаачилгыг амжилттай хэрэгжүүлж ирсэн юм. Тэрээр 2012 оноос хойш санхүүгийн салбарт тогтвортой санхүүгийн чиглэлээр ажиллан, 2017 онд Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо (ToC Холбоо)-г амжилттай үүсгэн байгуулж, 60 гаруй санхүүгийн болон бизнесийн байгууллагыг гишүүнчлэлдээ нэгтгэсэн юм. Түүнчлэн Э.Номиндарь нь Монгол Улсын Ногоон болон ТХЗ-ын таксономи, Тогтвортой санхүүгийн үндэсний замын зураг зэрэг бодлогын баримт бичгийг боловсруулахын зэрэгцээ Монголын Ногоон Санхүүгийн Корпораци, Тэрбум мод сан зэрэг шинэлэг ногоон санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг эхлүүлэх, санхүүжилтийг бүрдүүлэхэд гар бие оролцож, үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Э.Номиндарь нь ТоС Холбооноос гадна Олон улсын санхүүгийн корпораци, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын хамтарсан сан, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудад дотоод болон гадаадын зөвлөхөөр ажилласан туршлагатай. Энэ хүрээнд тэрээр хүлэмжийн хийн тооцоолол, ногоон бонд, жендэрийн санхүүжилт, байгаль орчин, нийгэм, уур амьсгалын эрсдэлийн удирдлага,  тогтвортой тайлагнал зэрэг чиглэлээр олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай удирдан ажилласан. Эдгээр амжилтуудын үр дүнд тэрээр 2022 онд Ази тивийн Тогтвортой хөгжлийн шилдэг эмэгтэй манлайлагч (Asia’s Top Sustainability Superwomen List)-дын нэгээр тодорч, Европын холбооны Хөгжлийн төлөөх залуу удирдагч шагнал (EU Young Leader for Development)-ын эзэн мөн 2017 онд Эх дэлхийн залуу элч (One Young World Ambassador)-ээр тус тус шалгарч байсан. Э.Номиндарь нь АНУ-ын Колумбын Их Сургуульд Тогтвортой байдлын менежментийн магистрын зэрэг хамгаалсан бөгөөд Франкфуртын Санхүү, Менежментийн сургуульд Дасан зохицох санхүүгийн чиглэлээр мэргэшсэн эксперт юм.

Монголын байгалийн өв сан нь 2025 оны 2-р улирлаас төслийн санал хүлээн авч эхлэх бөгөөд төрийн болон төрийн бус байгууллагуудын хэрэгжүүлэх бэлчээрийн даац, байгалийн нөөцийн тогтвортой менежмент, нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалах төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн, олон улсын стандартад нийцсэн хяналт, үнэлгээ, тайлагналын тогтолцоог нэвтрүүлэх юм.

Э.Номиндарийн удирдлага дор Монголын байгалийн өв сан нь Монгол Улсын байгаль орчны салбарт хөгжлийн шинэ хуудсыг нээж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон биологийн олон янз байдлыг хамгаалах шинэлэг санхүүгийн шийдлүүдийг хөгжүүлж, Монголын байгалийн өвийг хойч үедээ хадгалан үлдээхэд манлайлж ажиллана гэдэгт тус сангийн Удирдах зөвлөлийн гишүүдийн зүгээс итгэлтэй байна.

Монголын байгалийн өв сан нь 2024 оны 3-р сард АНУ-д бүртгэлтэйгээр байгуулагдсан Монгол Улсын анхны бие даасан, хараат бус, мэргэжлийн байгаль хамгааллын итгэлцлийн сан юм. Энэхүү сан нь хандивлагчид, доноруудаас эх үүсвэр татаж, байгаль хамгааллын төрөл бүрийн төсөл, хөтөлбөрүүдийг хараат бусаар, мэргэжлийн түвшинд сонгон шалгаруулж, удирдах үүрэгтэй. Сан нь эхлэлтийн санхүүжилтийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Дэ Нэйче Консерванси болон Монголын байгалийн өв сангийн хамтран хэрэгжүүлж буй “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, санхүүжилтийг нь Сангийн бодлого журмын дагуу зарцуулж, хяналт тавих, ил тод тайлагнан ажиллахаар бэлтгэл хангаж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.