“Парис 2024” зуны олимпын 33 дугаар их наадамд Монгол Улсаас спортын 9 төрөлд 32 тамирчин эрхээ авч оролцсон. Олимпын наадамд оролцсон тамирчин бүрд Олон улсын олимпын хорооноос энгэрийн тэмдэг гардуулдаг уламжлалтай.
Энэ өдөр олимпын наадамд эх орноо төлөөлөн өрсөлдсөн үндэсний шигшээ багийн тамирчдад Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Олимпод оролцогчдын холбооны ерөнхийлөгч Э. Бадар-Ууган, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар энгэрийн тэмдэг гардуулж өглөө.
Олимпын медальтан болон олимпод оролцогчдод энгэрийн тэмдэг гардуулан өгөх уламжлал 1980-аад оны сүүлээс эхтэй. Тухайн үед Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-г удирдаж байсан Хуан Антонио Самаранч амьд сэрүүн байгаа олимпын медальтан, олимпод оролцогчдоо алдаршуулах зорилгоор энгэрийн тэмдэг дурсгах санаачилга гаргаж байв. Тухайн үед гаргасан тэмдэг нь “Стокгольм-1912”-оос “Сөүл-1988” хүртэлх зуны олимп, “Шамоне-1924”-өөс “Калгари-1988” хүртэлх өвлийн олимпын бүх медальтан, оролцогчдыг хамарсан билээ.
Эх сурвалж: МҮОХ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!