Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Тэлмэн: “Мөнх Даатгал” компани 20 жилийнхээ ойн хүрээнд Монголд анх удаа Кибер эрсдэлийн даатгалыг нэвтрүүлж байна

ikon.mn
2024 оны 10 сарын 23
ikon.mn
Зураг зураг

Цахим хөгжлийг дагаад үүсэж байгаа эрсдэл бол кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг. Монгол Улсад л гэхэд 2024 онд 5,284 цахим гэмт хэрэг бүртгэгдсэнээс 193 нь кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг байна. 

Дэлхий дахинд эрчимтэй нэмэгдэж байгаа энэхүү эрсдэлээс сэргийлэх даатгалын цоо шинэ бүтээгдэхүүнийг 20 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа “Мөнх Даатгал” компани Монголд анх удаа нэвтрүүлж байгаа бөгөөд энэ сарын 24-нд болох Cyber Insurance Forum-ын үеэр зах зээлд танилцуулах юм. 

Энэ талаар “Мөнх Даатгал” компанийн Даатгалын газрын захирал Б.Тэлмэнтэй ярилцлаа. 

-"Мөнх Даатгал" компани 20 жилийнхээ ойн хүрээнд Монголд анх удаа эрсдэлийн даатгалыг нэвтрүүлж байгаа юм байна. Даатгалын энэхүү шинэ бүтээгдэхүүний ач холбогдлын талаар та ярихгүй юу? 

-Сүүлийн үед албан байгууллагууд хамгийн их өртөж байгаа эрсдэлүүдийн нэг нь цахим гэмт хэрэг. Тиймээс Кибер эрсдэлийн даатгал нь байгууллагуудын цахим мэдээллийг гаднын болон дотоодын халдлагуудаас урьдчилан сэргийлэх өндөр ач холбогдолтой. Энэ талаар бид маргааш буюу 10-р сарын 24-нд “Cyber Insurance” форум зохион байгуулж олон нийтэд танилцуулах гэж байна.

Энэхүү даатгал нь дараах үндсэн эрсдэлүүдэд нөхөн төлбөр олгоно. Үүнд цахим халдлагаас үүдэн учирсан хохирлыг нөхөн сэргээх санхүүгийн зардал, хуулийн хариуцлага буюу нэр хүндэд халдсанаас үүдсэн эрсдэлийг сэргээх зардал, гуравдагч этгээдэд учруулсан хохирлыг төлөх гэсэн олон эрсдэлээс энэ даатгал хамгаалах юм.

Нөхөн төлбөр олгох зардлуудыг дэлгэрэнгүй дурдвал:

  • Бизнес тасалдал болон нэмэлт зардал
  • Кибер барьцааны төлбөр
  • Халдлагын хариу арга хэмжээний зардал
  • Мэдээллийн зөрчил
  • Цахим хөрөнгийн даатгал
  • Гуравдагч этгээдийн хүлээх зардал
  • Зохицуулалт ба хууль эрх зүй
  • Нөхөн төлбөр бэлдэх зардал багтана.

-Байгууллагуудын хувьд энэ нь маш чухал даатгал юм байна. Харин компаниуд энэ талаар хэр ойлголттой байгаа бол? 

-Манай улсын хувьд банк санхүүгийн томоохон байгууллагууд энэ талын мэдээлэл сайтай байдаг юм байна. Харин дундаж болон жижиг компаниуд энэ талаарх ойлголт муутай, мэдээлэл багатай байгаа нь ажиглагдсан. 

Гэхдээ кибер халдлага нь зөвхөн хөгжилтэй орнуудад болдог, том байгууллагуудад хамаатай асуудал биш юм. Харин эсрэгээрээ аль болох сул талтай, мэдээ мэдээлэл багатай, аюулгүй байдал хөгжөөгүй орнууд руу халдах нь их байдаг юм байна. Нэг ёсондоо Монгол шиг хөгжиж байгаа орны бизнесийн байгууллагууд руу халдах эрсдэл өндөр гэсэн үг. 

Хэрэв халдлагад өртвөл буцаагаад сэргээх зардал нь маш өндөр өртөгтэй байдаг. Тэгвэл кибер эрсдэлийн даатгал их хэмжээний санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд хамгийн том дэмжлэг үзүүлж, компанийн өдөр тутмын үйл ажиллагааг жигд авч явахад чухал нөлөө үзүүлэх бүтээгдэхүүн юм.

-Энэ эрсдэл олон улсад хэр ихсэж байгааг та тоон утгаар илэрхийлэхгүй юу? Санхүүгийн маш том эрсдэл гэхээр компаниуд ямар хэмжээгээр төсөөлөх вэ?

-Кибер эрсдэлийн даатгал нь сүүлийн 5-6 жилд эрчимтэй хөгжсөн. Ялангуяа, цар тахлын дараачаас эрэлт нь эрс нэмэгдсэн. Энэ бүтээгдэхүүн өмнө нь даатгалын бүтээгдэхүүнүүд дотор эрсдэлийн нэг жижиг төрөл байсан бол одоо бие даасан бүтээгдэхүүн болж, энэ зах зээлийн багтаамж хэд дахин өссөн. Тухайлбал, 2024 оны байдлаар л гэхэд кибер аюулгүй байдлын эрсэг үүссэн эрсдэл 2.4 их наяд ам.доллароор хэмжигдэж байгаа гэсэн тооцоолол гарсан. Дэлхий даяар ийм хэмжээнд өсөн нэмэгдэж байгаа кибер эрсдэл Монгол Улсад ч бас хамаатай юм. Цахимжилтыг даган өсөж байдаг энэ эрсдэлээс сэргийлэхэд даатгал маш чухал.

  • Кибер гэмт хэргийн тохиолдол цар тахлаас хойш 600 хувиар өссөн.
  • 2025 он гэхэд олон улсад кибер гэмт хэргийн зардал жилд 10 их наяд ам.долларт хүрч өсөх хандлагатай байна.
  • Кибер халдлагад өртсөн тохиолдолд үүнийг илрүүлэхэд 200 орчим өдөр шаарддаг байна.

-Дотоодын даатгалын зах зээлийн хувьд энэ төрлийн бүтээгдэхүүн одоо л нэвтэрч байгаа гэж ойлгож болох уу?

-Тийм ээ, кибер эрсдэлийн даатгалын бүтээгдэхүүнийг "Мөнх Даатгал" компани л дангаараа хэрэгжүүлж байна. Дэлхийн даатгалын тэргүүлэгч брокерийн Marsh компанитай хамтран бид энэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлж байгаа юм. Үүнийг дагаад тэдний ноу хау, мэдлэгийг нэвтрүүлж, нутагшуулж байгаа гэж ойлгож болно. Энэ нь зүгээр нэг санхүүгийн бүтээгдэхүүн мэт боловч нөгөө талдаа IT-ийн мэдлэг мэдээлэл их шаардаж буй. Тэгэхээр дотоодын боловсон хүчин бэлтгэх шаардлага үүссэн.

Гаднын компанитай хамтран ажиллахын хамгийн том давуу тал нь мэдээллийн давуу байдлыг бид авахаас гадна хурдан шуурхай ажиллаж байна. Учир нь энэ бүтээгдэхүүний нэг онцлог нь тасралтгүй хөгжиж байх ёстой. Хиймэл оюун ухаан гэхэд л хэрэглээнд ямар хүчтэй нэвтэрч байгааг бид харж буй. Энэ нь олон сайн талыг бий болгож өгч байгаа ч тэр хэрээрээ сөрөг талыг ч үүсгэж байгаагийн нэг нь дурын хүн хакерын программын код бичих боломжтой болчихсон. Энэ нь бидний яриад байгаа кибер эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм. Тийм ч учраас бид дотоодын боловсон хүчнийг гаднаас авч, мэдээллээ цаг тухайд нь шинэчилж, хурдтай ажиллахгүй бол энэ нь нэлээд өрсөлдөөнтэй салбар. 

“Мөнх Даатгал” компани маань энэхүү шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлж байгаадаа их баяртай байгаа. Манай дотоодын боловсон хүчнүүд ч нэлээд хөгжиж, сайжирч байгаа.

-Кибер халдлагууд компаниудад олон эрсдэл үүсгэх аюултай. Энэ эрсдэлийг хаахын тулд даатгалд хамрагдахад мэдээж хөрөнгө оруулалт шаардана. Чухам ямар хэмжээтэй санхүүжилт шаардлагатай болох талаар та мэдээлэл өгөхгүй юу? 

-Би дөнгөж саяхан Marsh компанитай цахим хурал хийсэн. Equity фирм халдлагад өртсөн тухай энэ үеэр яригдсан. Тухайн фирм богино хэмжээний халдлагад өртөж байгаа боловч буцаагаад мэдээллийн аюулгүй байдлаа сэргээх нийт зардал нь 520,000 гаруй ам.доллароор хэмжигдэж байна. Гэтэл энэ хэмжээний эрсдэлийг хаах даатгалын хураамж нь 50-60 орчим мянган ам.доллар. 

Өөрөөр хэлбэл, кибер эрсдэлийн даатгалыг компаниуд авснаар санхүүгийн ийм хүндрэлээс бүрэн чөлөөлөгдөх боломжтой. Үүнд IT-аас гадна хуулийн эрсдэл багтаж байгаа. Тухайлбал, хүний хувийн янз бүрийн мэдээллүүдийг кибер халдлагаар олж аваад нийтэд мэдээлсэн тохиолдолд нөгөө байгууллага нэр төрөө сэргээх хэрэгтэй болно. Хуулийн торгууль ч гарч болно. Тэр бүх эрсдэлүүдээс энэ даатгалын бүтээгдэхүүн хамгаалж, санхүүгийн бэрхшээлээс сэргийлдэг гэсэн үг.

-Хурдтай өсөн нэмэгдэж байгаа кибер халдлагын эрсдэлээс сэргийлэхэд тийм хэмжээний хурд, инновац шаардлагатай байх. Энэ талаар та компаниудад юу гэж зөвлөх вэ?

-Кибер эрсдэл хол биш, маш ойр болсон. Ялангуяа, Монгол шиг хөгжиж байгаа орон хакеруудын овоо хараанд орсон орнуудын тоонд багтаж байгаа. Нөгөө талаар компанийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах нь асар эрсдэлтэй. Үүнийг буцааж хэвийн байдалд оруулах зардал маш өндөр байдаг. 

Тийм учраас компаниуд даатгалын энэ үйлчилгээг авах нь зардал биш, харин маш том хөрөнгө оруулалт гэж ойлгох хэрэгтэй. Монголд ч гэлтгүй олон улсад ялгаагүй байгууллагуудын нэг сул тал нь технологийн салбартаа хөрөнгө оруулахдаа хойрго байдаг юм билээ. Кибер эрсдэлийн даатгал нь байгууллагын үйл ажиллагааг дэмжих асар өгөөжтэй хөрөнгө оруулалт болохоос зардал биш юм шүү гэдгийг л компаниудад хэлмээр байна.

зураг