Уншиж байна ...

"Эцэг эх, багш ажилчдын 60% нь умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх ХПВ-ийн вакциныг МЭДЭХГҮЙ гэж хариулсан"

П.Сайнжаргал, IKON.MN
1 цаг 24 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Томуугийн үндэсний арваннэгдүгээр зөвлөгөөн”-ий хоёр дахь өдрийн хурал Корпорэйт Конвейшн центрт үргэлжилж байна. 

Энэ удаагийн хурал “Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг нэвтрүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр зохион байгуулагдав. 

Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх Хүний Папиллома Вирус (ХПВ)-ийн эсрэг вакцины талаарх судалгаа мэдээллийг судлаачид дараах байдлаар танилцуулав. 



Хавдрын үндэсний зөвлөлөөс "Монгол Улсад хийгдсэн хүний папиллома вирусийн эсрэг вакцины 11 жилийн дараах үр дүн" сэдвээр илтгэл танилцуулсныг тоймлон хүргэе. 

"Охидыг үргүйдэлд хүргэх аюултай вакцин хийх гэж байна" гэх эсэргүүцэл хүн амын дунд нэлээд өндөр хувьтай байсан. Тэгвэл ХПВ-ийн эсрэг вакцин үнэхээр үргүйдэлд хүргэдэг үү, жирэмслэлт, төрөлтөд нөлөөлдөг үү гэдгийг судлах зорилгоор судалгаагаа эхлүүлсэн юм. 

Вакцинжуулалт хийхтэй зэрэгцээд үр дүнгийн судалгаа хавсарч явагддаг. Үүнээс харахад вакцин хийлгээгүй хяналтын бүлэг болон вакцин хийлгэсэн бүлгийн жирэмслэлт, төрөлтөд ямар нэгэн ялгаа байгаагүй.

ХПВ-ийн вакцин үргүйдэлд хүргэдэг гэсэн цуу яриа худал гэдгийг шинжлэх ухааны үндэслэлээр баталсан. ХПВ-ийн эсрэг вакцины нэг тунг хийлгэсэн охидод зургаан жилийн дараах үр дүн ямар байна вэ?

Судалгаанд нийт 475 эмэгтэйг хамруулсан бөгөөд дундаж нас 20 байлаа.

Үр дүнгээс харахад вакцины хамгаалалт зургаан жилийн дараа ч 92 хувьтай хадгалагдсаар байсан. 

Зургаан жилийн дараа 16 дугаар хэв шинжээс 90 хувь, 18 дугаар хэв шинжээс 58 хувийн хамгаалалттай байгаа нь харагдсан. Саармагжуулах эсрэг биеийн хэмжээ вакцин хийлгэсэн бүлэгт 2-5 дахин өндөр байлаа. 

Дүгнээд хэлбэл 18-23 насны эмэгтэйчүүдийн дунд хавдрын эрсдэлтэй хэв шинж 39.5 хувь хүртэл өндөр байна. Вакцины 3 цент дархлаажуулалт хийсний таван жилийн дараах үр дүн 16 дугаар хэв шинжийн эсрэг 90 хувь хүртэл өндөр.

Нэг тун хийлгэсний дараах вакцины үр дүн зургаан жилийн дараа 92 хувь хүртэл өндөр байна. 

ХПВ-ийн талаарх хүн амын мэдлэг, хандлагыг дээшлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан.

Орчин үед эмнэлэгт очоод сорьц авхуулах, шинжилгээ өгөх биш, өөрөө өөрийнхөө үтрээнээс сорьц авдаг шинжилгээний арга нэвтэрч байгаа.

"Хүний папиллома вирусийн халдвар, вакцины талаарх мэдлэг, хандлага, дадлын судалгааны үр дүн"-г АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш н.Нансалмаа танилцуулав.

Энэхүү судалгааг 2024 оны тав, зургаадугаар сард хийсэн. ХПВ-ийн эсрэг вакцины талаар эцэг эх, асран хамгаалагчид, ЕБС-ийн багш, ажилчид болон эрүүл мэндийн салбарынхны мэдлэг хандлага дадлыг тодорхойлох зорилгоор судалгааг эхлүүлсэн байдаг. 

Судалгаанд нийт 3,982 хүн хамрагдсан. Үүнээс 

  • 3,057 нь эцэг эх, асран хамгаалагч
  • 509 нь ЕБС-ийн багш, ажилчдын төлөөлөл 
  • 416 нь эрүүл мэндийн ажилчид

Эцэг эх, асран хамгаалагч, ЕБС-ийн багш ажилтны дөрвөн хүн тутмын гурав нь ХПВ-ийн халдварын эсрэг вакцины талаар сонсож байгаагүй. Мөн эрүүл мэндийн ажилтнуудын дунд ч мэдлэг мэдээлэл хангалттай биш байна.

Эцэг эхчүүд товлолын бусад вакцинтай харьцуулахад ХПВ-ийн халдварын эсрэг вакцинд сөрөг хандлагатай байлаа. 

Судалгаанд оролцогчдын 1.91 хувь нь ХПВ-ийн халдварын эсрэг вакцинд хамрагдсан бөгөөд товлолын дархлаажуулалтын хамрагдалт КОВИД-19 болон вакцины талаарх сөрөг мэдээлэлтэй холбоотойгоор буурсныг онцолж байна.  

Мэдлэгийг сайн, дунд, муу гэж ангилж үзэхэд

  • 8.5 хувь нь дунд
  • 2.43 хувь нь сайн
  • 90 орчим хувь нь хангалтгүй мэдлэг муу байна гэх дүн гарсан.

Хүйс, байршил, насны хувьд ялгаатай дүр зураг харагдсан.

Эмэгтэй оролцогч нар эрэгтэйчүүдийг бодвол илүү мэдлэгтэй байсан. Орон нутгийн иргэдээс илүү хотын иргэд энэ талын мэдлэг мэдээлэлтэй. 

Насны хувьд залуус болон 56-аас дээш насны хүн ам бусад насны бүлгүүдтэйгээ харьцуулахад мэдлэг арай бага. 

ХПВ-ийн эсрэг вакцин нь ямар хавдраас сэргийлдэг вэ? гэхэд ЕБС-ийн багш ажилчид болон эцэг эхчүүдийг 60 хувь нь "мэдэхгүй" гэж хариулсан.

Энэ төрлийн вакциныг хэзээ хийх нь зүйтэй вэ? гэдгийг 73 хувь нь "мэдэхгүй" байна.

Бэлгийн харьцаанд орохоос өмнө гэж 17 хувь нь зөв хариулсан. Мэдлэг сайн байх тусам хандлага эерэг болдог. Охид, хөвгүүд аль алинд нь ХПВ-ийн вакциныг хийж байгаа.

Вакцин хийлгэх шийдвэрийн талаар тодруулахад:

  • 15 хувь нь ХПВ-ийн эсрэг вакцин хийлгэнэ гэж хариулсан. 
  • Зургаан хувь нь огт хийлгэхгүй гэж татгалзаж байна.
  • Үлдсэн 76 хувь нь эргэлзэж буйгаа илэрхийлсэн. 

Вакцинаас татгалзаж, шийдвэр гарахгүй байгаа шалтгааныг тодруулахад:

Хамгийн эхэнд "вакцины гаж нөлөөнд санаа зовж байна" гэдэг шалтгаан байсан. Мөн вакцины чанарт эргэлзэж, алсын үр дагаврыг сайн мэдэхгүй байна гэдэг шалтгаан зонхилж байна.

Харин вакцин хийлгэх шийдвэрт юу чухал вэ? гэдгийг тодруулахад нотолгоонд суурилсан мэдээлэл өгвөл, эмч эмнэлгийн мэргэжилтнүүд зөвлөвөл вакцин хийлгэхэд бэлэн гэсэн дүн гарсан.