УИХ-ын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болж байна.
"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн У.Отгонбаяр цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн талаар асуулт асуулаа.
Тэрбээр "Ээлжит бус чуулганы дараа тойрогтоо ажиллаж, ард иргэдтэйгээ уулзаж явсан. Төрийн цэргийн байгууллагын тэтгэвэрт гарсан алба хаагчдын талаар холбогдох яамнаас тодруулъя. Төрийн цэргийн байгууллагаас тэтгэвэрт гарсан хэд хэдэн тохиолдлоос бид асууж тодруулсан.
Нэгдүгээрт буяны ажилд зориулж төрөөс олгогддог мөнгө олддоггүй. Хоёрдугаарт бурхан болсны дараа үлдэж буй хань ижилд нь тэтгэврийг өвлүүлэх асуудал хязгаарлагдмал, болохгүй гэх зүйл заалттай байдаг юм байна. Энэ чиглэлээр төсөв төлөвлөгөөнд туссан зүйл байна уу, цаашдаа яах талаар тодорхой хариулт өгнө үү" хэмээн асуув.
Түүний асуултад Гэр Бүл, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Нэгдүгээрт оршуулгын зардал олдохгүй, авах ёстой хүмүүс авч чадахгүй байна гэх зүйл гарсан юм шиг байна. Яагаад ийм асуудал үүссэн талаар тухайн хүний мэдээллийг надад өгнө үү. Бид хуулиар энэ тэтгэмжийг өгөх ёстой.
Өнгөрсөн жил нийгмийн даатгалын тухай багц хуулийн шинэчлэлийг хийсэн. Хэрэв гэр бүлийн нэг гишүүн нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тохиолдолд авч байсан тэтгэврийн 20 хувийг нөгөө гишүүн нь тэтгэвэр дээрээ нэмж авах зохицуулалттай болж, хэрэгжээд эхэлсэн.
Тэтгэвэр өвлүүлэх асуудлыг хуулиар нээсэн. Гэхдээ бүтэн тэтгэврийг өвлүүлэх тухай асуудал биш. Гэр бүлийнхээ хүний авч байсан тэтгэврийн 20 хувийг гэр бүлийн гишүүдэд нь нэмж өгдөг хуулийн зохицуулалттай" гэв.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн У.Отгонбаяр "Яагаад болохгүй байгаа вэ гэвэл нийгмийн даатгалыг нь төрөөс хариуцдаг учраас оршуулгын зардал, хань ижлийнх нь тэтгэвэр, тэтгэмжийг өвлөх асуудал хаалттай байгаа юм байна. Үүнд тодорхой ямар зохицуулж хийж болох вэ" гэв.
Түүний нэмэлт асуултад Гэр Бүл, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Цэргийн алба хаагчийн тэтгэвэр авагч нас барвал оршуулгын тэтгэмж олгодог. Энэ асуудал цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зохицуулагддаг.
Хуулийн хэрэгжилттэй холбоотой хүн бүрд олгогдох асуудал бус тодорхой хуулиар тавьсан шалгуурууд бий. Ханилж суусан хугацаа, нийгмийн даатгалыг тасралтгүй төлсөн гэх мэт шаардлагатай холбоотой асуудал үүссэн юм болов уу" хэмээн хариулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!