Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баттулга: Бусдын нэр хүндэд халдаж буй тохиолдлуудын дийлэнх нь цахим орчинд гарч байна

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Орон нутгийн сонгуультай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Энэ үеэр нэр дэвшигчийн талаар илт худал мэдээлэл цацсан хүнд хариуцлага тооцсон тохиолдол байгаа эсэх талаарх сэтгүүлчийн асуултад ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулга хариулт өгөв. 



Тэрбээр "Эрүүгийн хуулийн 14.8 дугаар зүйлд сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах гэмт хэргийг зүйлчилсэн байдаг. Одоогоор гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 28 гомдлоос 57 хувь нь энэ төрлийн гомдол ирсэн байгаа.

Гомдол ирсэн тохиолдолд цагдаагийн байгууллагаас хуульд заасан хугацаандаа мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг.

Тухайн гомдол мэдээлэл үнэхээр гэмт хэргийн шинжтэй нь тогтоогдвол цааш хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгадаг.

Нэр хүндэд халдаж буй тохиолдлуудын дийлэнх нь цахим орчинд гарч байна. Анх тэр мэдээллийг хаанаас яаж тавьсан, тухайн хаяг нь хуурамч уу, жинхэнэ үү гэж шалгалтын ажиллагаа хийгддэг.

Хуурамч мэдээллийг хязгаарлах, хаах талаар Харилцаа холбооны Зохицуулах Хороонд албан бичиг хүргүүлж, хязгаарлах арга хэмжээг авч байгаа.

Одоогоор гомдлуудыг мөрдөн шалгаж байгаа учир хариуцлагын асуудал яригдаагүй байгаа" гэв. 

Онцгой байдлын алба хаагч нас барсан гэх мэдээллийн талаар сэтгүүлчид нэмж тодруулав. 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр "Цахим орчин, зарим хэвлэл мэдээллээр ийм мэдээллийг түгээсэн байсан. Иргэн нас барсан асуудал бий.

Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст уг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа" гэлээ.