Орон нутгийн сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл болон шийдвэрлэлтийн талаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр сүүлийн үед гарсан гэмт хэргийн талаарх сэтгүүлчдийн асуултад ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр хариулт өгөв.
Сэтгүүлч: Банк болон улсын бүртгэлийн ажилчид нийлж мөрийтэй тоглоом зохион байгуулсан. Улсын бүртгэлийн ажилчид нэг хүний мэдээллийг 500,000 төгрөгөөр худалдан борлуулсан гэх гэмт хэргийн шалгалтын явц ямар шатандаа явж байна вэ?
Цагдаа: Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн есдүгээр сард банкны болон улсын бүртгэлийн ажилтнууд, нэр бүхий Монгол Улсын иргэд бүлэглэн цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх асуудлыг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа.
Уг хэрэгт холбогдуулан долоон хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шүүгчийн захирамжаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Шалгалтын ажиллагаа дуусаагүй.
Сэтгүүлч: Хорих 415 дугаар ангид ялтан цахилгаан станцад ажиллаж байгаад амиа егүүтгэсэн гэх хэрэг хэзээ бүртгэгдсэн, мөрдөн шалгах ажиллагаа хэрхэн явагдаж байна вэ?
Цагдаа: 2024 оны есдүгээр сарын 28-ны өдөр бүртгэгдсэн хэрэг.
Уг хэргийг Төв аймгийн цагдаагийн газар мөрдөн шалгаж байна. Хэргийн дэлгэрэнгүйг хэлэх боломжгүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!