Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

М.Бямбасүрэн: Монголын Финтекийн холбоо нь салбарын оролцогч талуудыг нэгтгэж, салбарын хөгжилд хувь нэмэр оруулж чадсан

ikon.mn
2024 оны 9 сарын 24
Сурталчилгаа

2024 онд Монголын финтекийн холбооны 5 жилийн ой тохиож буйтай холбоотойгоор тус холбооны Гүйцэтгэх захирал М. Бямбасүрэнтэй ярилцлаа.

зураг
 

- Финтекийн салбарын хөгжил жил ирэх тусам тэлж, тэр хэрээр хэрэглэгчийн тоо улам нэмэгдэж байна. Салбарын хөгжлийн талаар хуваалцаач?

- Сүүлийн жилүүдэд санхүүгийн зах зээлд технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ эрчимтэй хөгжиж хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй, зардал багатай, хурдан шуурхай санхүүгийн үйлчилгээ хүртэх боломж бүрдсэн. Нөгөө талаас технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэж буй технологийн компаниуд уламжлалт санхүүгийн зах зээлийн суурь зарчмыг өөрчилж, өрсөлдөөнийг улам бүр нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл санхүүгийн салбарт финтек орж ирснээр санхүүгийн зах зээлийн дижитал шилжилт хурдан хугацаанд хийгдсэн.

Финтек нь санхүүгийн зах зээлд өмнө нь шийдэгдээгүй байсан технологи, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэн түүгээрээ дамжуулж санхүүгийн олон төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн хэрэгцээнд тулгуурлан шуурхай, хялбар, ойлгомжтой байдлаар шийдвэрлэсэн. Жил ирэх тусам финтекийн бүтээгдэхүүн үйлчилгээ улам сайжирч хэрэглэгчийн хүсэл сонирхол дээр тулгуурласан санхүүгийн үйлчилгээг санал болгосноор бидний амьдралын салшгүй нэг хэсэг болж чадсан. Тухайлбал, төлбөр тооцоо хийх, зээл авахаас эхлээд онлайн худалдан авалт хийх зэрэг өдөр тутмын хэрэглээндээ бид финтек суурьтай аппликейшны тусламжтай хялбархан гүйцэтгэх болсон.

- Монголын финтекийн холбооны талаар танилцуулаач, холбооны хийж хэрэгжүүлж буй ажлуудаас дурдаач?

- Монголын Финтекийн холбоо 2019 оноос үүсэн байгуулагдаж тус цагаас хойш өнөөдрийг хүртэл гишүүдийн эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолой болж Финтек салбарын экосистемийг бүрдүүлэх тал дээр ажиллаж ирсэн. Тэр дундаа гишүүн байгууллагуудын эрх ашгийг хамгаалахаар төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж, хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, сайжруулах зорилгоор финтекийн оролцогч талуудыг нэгтгэн санал бодлыг сонсож, олон улсын сайн туршлагыг хуваалцах уулзалт хурлуудыг зохион байгуулсаар ирсэн. Үүний зэрэгцээ гишүүн байгууллагуудаа хамруулсан холбооны дэргэдэх байнгын үйл ажиллагаатай мэргэжлийн зөвлөлүүдийг байгуулан ажиллаж байна. Холбооны үйл ажиллагаа байнгын идэвхтэй явснаар энэ салбарт оролцогчид болон салбарын зохицуулагч байгууллагын хамтын ажиллагаа улам сайжирсан.

зураг
 

“Финтекийн холбоо засаглалын хувьд хүчтэй, эрүүл гэж Гүйцэтгэх удирдлагын зүгээс хэлмээр байна”.

Энэ нь финтек салбарын экосистемийн суурь зөв тавигдах улмаар эрх зүйн шинэ саад бэрхшээлтэй учрахад хурдан хугацаанд ойлголцох хамтарч ажиллахад холбооны байр суурь ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн финтекийн холбоо засаглалын хувьд хүчтэй, эрүүл гэж Гүйцэтгэх удирдлагын зүгээс хэлмээр байна. Холбооны удирдах зөвлөлийн гишүүд 2 жилд нэг удаа ардчилсан байдлаар гишүүдээс сонгогдож, мөн хараат бус гишүүдийг гишүүн бус гадаад хамтын ажиллагаатай байгууллагаас сонгодог онцлогтой.

- Холбооны дэргэдэх мэргэжлийн зөвлөлүүдийн үйл ажиллагаа бүтцийн талаар танилцуулаач. Мөн хийж хэрэгжүүлсэн ажлуудаас товч дурдвал?

- Анх гүйцэтгэх удирдлагын санаачилгаар 2022 онд МФХ-ны дэргэдэх Хуулийн мэргэжлийн зөвлөлийг байгуулж байлаа.

Тухайн үед 16 байгууллагын хуульчдыг хамруулан сар, улирал бүр хурал уулзалтыг зохион байгуулж хууль эрх зүйн хүрээнд нийтлэг тулгамдаж буй асуудлуудаа ярилцах, хуулийн эрх зүйн шийдэл гаргалаа олох, шаардлагатай сургалтыг зохион байгуулах гэх мэтээр байнгын үйл ажиллагаа явуулж ирлээ.

“Байнгын үйл ажиллагаатай холбооны дэргэдэх мэргэжлийн зөвлөлүүд ажиллаж байна.”

Хамгийн сүүлд хийгдсэн томоохон ажлын хүрээнд “Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам”-д финтекийн нийтлэг эрх ашигт тохируулан саналаа тусгасан төдийгүй “Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор тухайлсан хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн дэд ажлын хэсэгт хуулийн мэргэжлийн зөвлөлөөс төлөөлөн идэвхтэй оролцсон. Энэ мэт салбарын эрх ашиг, үйл ажиллагаатай шууд холбоотой хууль, журамд холбооны зүгээс хуулийн мэргэжлийн зөвлөл буюу хуульчид маань их идэвхтэй ажиллаж байна.

Харин 2022 онд МФХ-ны дэргэдэх Мэдээллийн аюулгүй байдал, Мэдээллийн технологийн мэргэжлийн зөвлөл байгуулагдсан бөгөөд сар бүр хуралдаж харилцан туршлага, мэдээлэл солилцон байнгын тогтвортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Олон улсын тэргүүн туршлага, тренд болж буй стандарт, шаардлага сорилтуудыг хуваалцаж салбарын хөгжилд хувь нэмэр оруулахыг зорьж ажилладаг.

зураг
 

Хамгийн сүүлийн байдлаар МАБ, МТ мэргэжлийн зөвлөлөөс санаачлан 2024 оны 05 сарын 31-ний өдөр Финтекийн салбарын жишиг гарын авлага болох “МАБ-н хуулийн нийцлийн үнэлгээний гарын авлага” боловсруулж баталсан. Энэ нь гишүүд байгууллага ашиглах төдийгүй шинээр финтек салбарт орж ирж буй компаниуд ашиглах боломжийг бүрдүүлсэн.

зураг
 

Мэргэжлийн зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах зорилгоор холбооноос хамгийн сүүлд “Технологийн салбарын оюуны өмч” зэрэг шинэлэг сургалтыг танхимаар тэдгээрийн сургалт хөгжилд зориулан хүргэсэн.

- Холбооны гишүүнчлэлийн талаар дурдаач. Анх үүсгэн байгуулж байсан зорилго нь юу байв?

- Энэ жил Монголын Финтекийн холбооны 5 жилийн ой тохиож байна. Холбоог үүсгэн байгуулсан зорилго маань бид анх Финтек салбарыг олон нийтэд түгээн дэлгэрүүлж иргэдэд санхүү технологи хосолсон эко системийг таниулах. Үүнээс гадна финтек компаниудыг эрх ашгийг хамгаалах төрийн байгууллагад дуу хоолойг хүргэх гүүр болох зорилгоор үүсгэн байгуулагдсан. Бид өнөөдөр энэхүү зорилгоо биелүүлж чадсан гэж харж байна цаашдаа ч мөн энэхүү зорилгынхоо төлөө тууштайгаар үйл ажиллагаа явуулсаар байх болно.

“Монголын Финтекийн Холбоонд нийт 21 гишүүн байгууллагууд бүртгэлтэй байна”

зураг
 

Монголын финтекийн холбоо нь 2019 онд үүсгэн байгуулагдсанаас хойш байгууллагууд хүсэлтээ илгээж гишүүнээр элссээр ирсэн. Монголын Финтек салбарын хамгийн анхны гэх тодотголтой Орда ХХК, ЛэндМН ББСБ ХК, Грэйпсити Монгол ХХК, Ард санхүүгийн нэгдэл ХК компаниуд анх үүсгэн байгуулахад гишүүнээр элссэн бөгөөд салбартаа түүчээлэгч, манлайлагч байснаар салбарын хөгжилд хувь нэмрийг оруулж чадсан. Мөн холбоонд финтекийн салбарын гол оролцогч байгууллагууд, салбарын төлөөллүүд ар араасаа нэгдэж одоогийн байдлаар холбоонд нийт 21 гишүүн байгууллагууд бүртгэлтэй байна. Хамгийн сүүлийн байдлаар холбоонд банкны салбарын том төлөөлөл болох Голомт банк отгон гишүүнээр элсээд байна.

- Холбоодын гол зорилго төр хувийн хэвшлийн гүүр болох нэгтгэх байдаг. Энэ хүрээнд та бүхний оролцоо, хувь нэмэр юу байна вэ?

- Холбоо нь гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтарч ажилласаар ирсэн. Финтекийн холбооны гишүүн байгууллагууд нь манай салбарын цөм, экосистемийг бүрдүүлэгч, оролцогч талуудын төлөөлөл байдаг тул санхүүгийн болон технологийн салбарын төрийн байгууллагууд болох Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо болон Цахим хөгжил, инновац харилцаа холбооны яам болон Инновац цахим бодлогын байнгын хороо гэх мэт төрийн байгууллага, яам, хэрэгжүүлэх агентлагуудтай хамтран ажиллаж гишүүдийн дуу хоолойг хүргэж ажиллаж байна.

“Финтекийн холбоо нь салбарын бодлогын түвшинд оролцох, шийдвэр гаргалтад нөлөөлөхүйц хэмжээнд ажиллаж байна. “

Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Финтекийн цахим зөвлөлд 2022 оноос хойш холбооны төлөөлөл буюу гүйцэтгэх захирал М.Бямбасүрэн миний бие гишүүнээр ажиллаж байгаа. Энэ нь финтекийн холбоо нь салбарын бодлогын түвшинд оролцох, шийдвэр гаргалтад нөлөөлөхүйц ажиллаж байгаагийн илрэл болов уу.

- Холбоо энэ хугацаанд дотооддоо, гишүүдэд чиглэсэн олон ажлыг хийж хэрэгжүүлсээр иржээ. Гадаад хамтын ажиллагааг юу гэж харж байна вэ?

- Тэгэлгүй яахав. Аливаа хөгжлийн үндэс яалт ч үгүй Олон улсын сайн туршлага, хамтын ажиллагаагүйгээр төсөөлшгүй. Холбоо дотооддоо хэрэгжүүлж буй ажлууд финтекийн экосистемийг бүрдүүлэх, бэхжүүлэх зорилготой байсан бол холбооны гишүүдийг олон улсад бизнесээ таниулах гарцыг нээж өгөх үүний гүүр болох дараагийн зорилгоо тавьж ажиллаж байгаа.

“2024 онд холбоо нь гадаад хамтын ажиллагааг тэлсэн жил байлаа.”

Үүний тулд манай холбоо Азийн 14 орны финтекийн холбооны нэгдлийг (Asia Fintech Alliance) 2023 оны 11 дүгээр сард хамтран үүсгэн байгуулсан. Тэдгээр 14 орон хоорондоо хамтын ажиллагаа эхлүүлж, цаашлаад өөрийн орны сайн туршлага солилцох гишүүдээ дэмжих замаар ажлуудыг хийж эхлээд байна. Харин 2024 оны 1 дүгээр сард Англид төвтэй Alliance of Digital Finance and Fintech Associations нэгдэж хамтын ажиллагааг эхлүүлээд байна.

Эдгээр олон улсын нэгдэлд элсэн орсноор гишүүд олон улсад үйл ажиллагаа тэлэх, бизнесээ өргөжүүлэх давуу тал үүсэж байна гэж харж байгаа.

Манай финтек компаниуд дотоодын зах зээлд амжилттай байршиж, цаашлаад Төв Азийн бүс нутагтаа жишиг болохуйц бизнес моделийг хөгжүүлж чадсан. Мөн финтек компаниуд олон улсад бизнес тэлэх бүрэн боломжтой гэж харж байгаа. Жишээ дурдахад: Инвескор Финанс Киргиз, Казахстан улсад буюу Төв Азид үйл ажиллагаагаа тэлж, Анд глобол ХХК Филиппин улсад бизнесээ өргөжүүлж, Hipayment solution ХХК Хятадын томоохон групп компани болох Ant group хамтарч үйл ажиллагаа явуулж байна. Цаашид мөн дараа дараагийн финтек компаниуд төв азийн салбарт үйл ажиллагаа өргөжүүлэхээр хүлээгдэж байна.

- Энэ жилийн Frontier Fintech Summit-2024 чуулга уулзалтын талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Холбоо анх үүсгэн байгуулагдсан тухайн жилдээ Frontier Fintech Summit анхдугаар чуулганыг зохион байгуулж байлаа. Тухайн үед манай улсад финтек гэдэг харьцангуй шинэ ойлголт байсан. Тухай жилийн чуулга уулзалтаар Монголд “Сэндбокс орчны журам” зайлшгүй байх хэрэгтэйг төрийн эрх бүхий байгууллагын төлөөллүүдэд ойлгуулж, хэлэлцэж үр дүнтэй чуулга болж байлаа.

Энэ жилийн чуулга уулзалтын онцлог нь дэвшилтэт технологи дээр суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэгч компани оролцогч талуудыг нэгтгэх, боломж бэрхшээлийг хэлэлцэх, санхүүгийн салбарын ирээдүйг тодорхойлох, бодит туршлага, сургамж, сорил, шийдлийг онцлох юм.

Чуулга уулзалтаар олон улсад финтекийн салбарт трэнд болж байгаа Финтек дэх хиймэл оюуны хувьсгал, Вэб 3.0-ийн хил дамнасан төлбөр тооцоо, Тогтвортой ирээдүйн Финтек экосистемийг бий болгох, Финтек дэх кибер аюулгүй байдал, мэдээлэл нууцлал, Fintech зээл болон одоо аваад дараа төлөх нөхцөлтэй үйлчилгээ (BNPL)-ний хөгжил болон Regtech-ийг нэвтрүүлэхэд зохицуулагчийн гүйцэтгэх үүрэг, оролцоо гэх мэт халуухан сэдвүүдийг хөндөх болно.

Финтекийн салбар дахь цорын ганц томоохон эвент Frontier Fintech Summit мөн бөгөөд финтек салбарынхан уг чуулга уулзалтаар цугладаг төдийгүй санхүү, технологийн салбарт ажилладаг, энэ салбарт бизнес эрхэлдэг, ирээдүйд хөл тавихаар зорьж буй хэн бүхний зайлшгүй зорьж ирэх эвент гэж итгэлтэй хэлнэ. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.