Уншиж байна ...

Оросын зэвсгийн агуулахад Украины дронууд халдсаны улмаас газар хөдлөлтийн хэмжээний хүчтэй дэлбэрэлт болжээ

Т.Давааням, ikon.mn
Өнөөдөр 8 цаг 03 минут
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагийн шөнө Оросын Тверь мужийн нутаг дэвсгэрт оршдог зэвсгийн томоохон агуулахад Украины дронууд халдсаны улмаас асар хүчтэй дэлбэрэлт болжээ.

Москвагаас баруун зүгт 380 км зайд оршдог Торопец тосгоны ойролцоо оршдог уг агуулахын дэлбэрэлтийн улмаас асар том хэмжээний гал дүрэлзэн асаж байгааг сошиал сүлжээнд тарсан дүрс, зургууд харуулж байна.

NASA-гийн хиймэл дагуулд тухайн газраас 14 км кв талбайг хамарсан хүчтэй халалтын эх үүсвэр мэдрэгджээ.

Газар хөдлөлтийг бүртгэх станцуудад дэлбэрэлтийн үеэр бага хэмжээний чичиргээ мэдрэгдсэн байна.

зураг
 

Украины тусгай албаны эх сурвалж тухайн агуулахад их хэмжээний пуужин, удирдлагатай бөмбөг, их бууны сум хадгалагдаж байсныг мэдээлжээ.

Оросын төв телевиз дайны үеийн цензурын хуулийн дагуу энэ талаар ямар ч мэдээлэл гаргаагүй байна.

Оросын блогчин Юрий Подоляка “Дайсан Торопец орчмын зэвсгийн агуулахад халдлаа. Тэнд байсан шатаж болох бүх зүйл шатаж байна” гэж халаглан бичжээ.

Өчигдөр орой Украины ерөнхийлөгч Володимир Зеленский ээлжит мэдэгдэлдээ халдлагын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн ч бай нь чухам юу байсан талаар дурдаагүй юм.

“Өнгөрсөн шөнө Оросын нутаг дэвсгэрт явуулсан халдлага маш чухал үр дүнд хүрлээ. Ийм цохилт дайсны хүчийг сулруулах болно. Үүнд оролцсон бүх хүмүүст баярлалаа. Ийм үр дүн үнэхээр их урам зориг өгч байна” гэж тэр хэлжээ.

Тверь мужийн захирагч Игорь Руденя дайсны дрон унахдаа гал түймэр гаргасан, Торопец тосгоны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн тухай ярьсан ч яг юу шатаж байгааг дурдаагүй байна.

Өчигдөр Оросын ВК сошиал сүлжээ Торопец орчимд амьдардаг хамаатан саднаа асууж сурагласан хүмүүсийн мессэжээр дүүрчээ.

Тухайлбал Торопецоос зүүн хойд зүгт 4.5 км зайд оршдог Кудино тосгонд юу болсон талаар хүмүүс бие биеэсээ хамгийн их асууж байлаа.

“Хүмүүсээ, Кудино тосгонд юу болсныг мэдэх хүн байна уу??? Тэнд байдаг манай байшингаас юу ч үлдээгүй гэж сонслоо” гэж нэг эмэгтэй бичсэн байна.

Өөр нэг хүн түүнд “Аймшигтай юм болсон” гэж хариулжээ.

Оросын цэрэг, дайны сэдвээр бичдэг зарим блогчид ийм өндөр хамгаалалттай байгууламж дроны цохилтод яагаад дэлбэрснийг гайхан бичицгээж байна.

Оросын батлан хамгаалах яам мянган жилийн түүхтэй, 11,000 гаруй оршин суугчтай Торопец тосгоны дэргэд зэвсгийн томоохон агуулах байгуулсан тухай РИА агентлаг 2018 онд мэдээлж байжээ.

Тухайн үед батлан хамгаалахын дэд сайд байсан Дмитрий Булгаков энэхүү агуулах нь пуужингийн цохилт төдийгүй жижиг хэмжээний цөмийн цохилтыг тэсвэрлэх чадвартай тухай ярьж байв.

Булгаков энэ оны эхээр авлигын хэргээр баривчлагдсан юм.

Сошиал сүлжээнд тарсан дэлбэрэлтийн дүрс бичлэгийг шинжилсэн Калифорни мужийн Монтерей дахь Олон Улсын Судалгааны Мидлбури Хүрээлэнгийн мэргэжилтэн Жорж Уиллям Херберт тэнд “180-219 тонн хэмжээ бүхий хүчтэй тэсрэх бодис дэлбэрсэн байж болзошгүй” гэж дүгнэжээ.

Лхагва гарагийн шөнө Орос, Украины талууд харилцан нэг нэгнийхээ нутаг дэвсгэрт нисгэгчгүй онгоцоор довтолсон байна.

Оросын тал энэ шөнө нутаг дэвсгэр дээрээ Украины 54 дроныг устгаснаа мэдээлсэн ч Тверь мужид юу болсон талаар дурдаагүй юм.

Харин Украины тал Оросын харвасан 52 дроны 46-г нь унагаснаа мэдээлжээ. Лхагва гарагийн шөнө бас Оросын талаас гурван пуужин харвасан нь бүгд байндаа хүрээгүйг мэдээлсэн юм.

Эх сурвалж: Reuters

 

Зураг
3 | 12 цаг