Уншиж байна ...

BHP: Хиймэл Оюуны технологийн хөгжил зэсийн эрэлтийг бараг хоёр дахин нэмэгдүүлнэ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн уул уурхайн аварга компани BHP хиймэл оюуны технологийн хөгжлийг дагаад зэсийн эрэлт ирэх 20 орчим жилийн хугацаанд 72 хувиар өснө гэж үзэж байна.

Тус компанийн санхүү эрхэлсэн дэд захирал Вандита Пант энэ талаар Financial Times сонинд ярьжээ.

Түүний тооцоолсноор 2050 он гэхэд зэсийн нийт эрэлтийн 6-7 хувийг хиймэл оюуны дата төвүүдийн хэрэглээ эзлэх гэнэ.

Одоогоор энэ хэрэглээ нийт эрэлтийн дөнгөж нэг хүрэхгүй хувьтай байгааг Пант мэдээлжээ.

Тухайлбал 2021 онд дэлхийн зах зээлийн зэсийн эрэлт 30.4 сая тонн байсан бол энэ зууны дундуур 52.5 сая тоннд хүрнэ гэж тэр үзэж байна.

Сүүлийн жилүүдэд улаан металлын нийлүүлэлтэд хомсдол үүсэж, уг түүхий эдээс хамааралтай эдийн засгийн салбарынхны дунд ойрын жилүүдэд үнэ ханш өсөж болзошгүй гэсэн айдас бий болоод байгаа юм.

Тухайлбал өнгөрсөн онд дэлхий даяар зэсийн бэлэн нөөц 2008 оноос хойших хамгийн доод түвшиндээ хүрсэн байна.

Үүнд шинэ уурхайнуудын олборлолт хангалттай хурдан хугацаанд эхлэхгүй байгаа нь нөлөөлжээ. Шинэ орд дээр уурхай нээгдэх хугацаа дунджаар 15 жил байдаг.

Дээрх шалтгааны улмаас энэ оны тавдугаар сард зэсийн үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрч (тонн нь $10,857) өссөн боловч Хятадын эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан буцаж ($9,207) хүртэл буурсан юм.

Гэхдээ зарим судлаачид хомсдол хэвээр үргэлжилбэл ойрын жилүүдэд $15,000-$40,000 хүртэл өсөх магадлалтай гэж үзэж байна.

 

Эх сурвалж: Business Insider

 

Зураг
13 минут