Уншиж байна ...

Шанхай хотыг сүүлийн 75 жилийн хамгийн хүчтэй далайн хар салхи дайрч байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу Даваа гарагийн өглөө Хятадын санхүүгийн төв Шанхай хотыг сүүлийн 75 жилийн түүхэнд тохиож байгаагүй хүчтэй далайн хар салхи дайрч байна.

Секундэд 42 метрийн хурдтай Бебинка далайн хар салхи өнөөдөр өглөөний 7:30 цагт тус хотын Пудон дүүрэгт газарджээ.

Ням гарагийн оройн байдлаар 25 сая оршин суугчтай Шанхай хотын 414,000 иргэнийг нүүлгэн шилжүүлж, хурдны замуудыг хаагаад байв.

Ням гарагийн оройн 8:00 цагаас эхлэн Пудон, Хончяао нисэх буудлуудыг хаажээ.

Далайн хөлөг онгоцнуудыг зогсоож, эрэг дагуу дүүргүүдэд нийтийн тээврийн хөдөлгөөнийг хориглосон байна.

Нийт 56,000 хүнээс бүрдсэн 2,500 аврах баг бэлэн байдалд байгааг CCTV суваг мэдээлжээ.

Шанхай хотыг хамгийн сүүлд 1949 онд Глориа нэртэй хар салхи дайрсан нь үүнээс өмнөх хамгийн хүчтэй хар салхи байсан юм.

Хотын аюулаас хамгаалах газар 12,000 гал сөнөөгчийг бэлэн байдалд шилжүүлж, 415 агуулахыг үерээс хамгаалах хэрэгсэл материалаар дүүргэсэн байна.

Долоо хоногийн өмнө Яги нэртэй далайн хар салхи Хятадын өмнөд эргийн гурван муж, Хонконг хот, Хайнань арлыг дайран өнгөрсөн юм.

Бээжингийн эрх баригчид энэ шуурганы дараах сэргээн босголтод 200 сая юань ($28.2 сая) гаргахаар болоод байгаа.

Энэ онд Ази тивийг дайрсан хамгийн хүчтэй хар салхи гэгдэж байгаа Яги нь Хятадад дөрвөн хүний амийг хөнөөж, 95 хүнийг бэртээж гэмтээснээс гадна 1.2 сая хүний цахилгаан хангаж, харилцаа холбоог салгасан байна.

Зүүн эргийн Шанхай бол Хятадын хамгийн том хот бөгөөд эдийн засгийн нийслэлд тооцогддог. Тус хотод дэлхийн чингэлэг тээврийн хамгийн том боомт байдгаас гадна дэлхийн хамгийн өндөр ачаалалтай 10 нисэх буудлын нэг Пудон Интернэйшнл байдаг юм.

 

Эх сурвалж: South China Morning Post