Уншиж байна ...

Муссолини агсны ач охин Италийн ерөнхий сайдын тэргүүлдэг намаас гарч байгаагаа зарлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн Хоёрдугаар дайны үед Италийн дарангуйлагч байсан Бенито Муссолинигийн ач охин тус улсын ерөнхий сайд Жоржиа Мелонигийн тэргүүлдэг Италийн Ахан Дүүс намаас гарч байгаагаа өчигдөр зарлажээ.

2021 оны орон нутгийн сонгуулиар бусад бүх нэр дэвшигчдээс хамгийн олон санал аван Ром хотын иргэдийн хурлын төлөөлөгч болсон 50 настай Ракеле Муссолини шийдвэрээ намынх нь үзэл баримтлал хэт баруунжсантай холбон тайлбарласан байна.

Тэрбээр одоо илүү төвийн үзэл баримтлалтай Forza Italia намд элсэж байгаа ажээ.

“Миний аядуу, төв үзэлтэй илүү ойр намд элсэж, шинэ хуудас нээх цаг болсон гэж би үзэж байна” гэж тэр өчигдөр Ром хотын захиргааны байранд сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн байна.

Италийн Ахан Дүүс нам нь Бенито Муссолинигийн фашист хөдөлгөөний суурин дээр байгуулагдсан Италийн Социалист Хөдөлгөөнөөс үүсэл гаралтай юм.

Гэхдээ Жоржиа Мелони 2022 онд ерөнхий сайд болсноосоо хойш намаа ердийн консерватив нам мэт харагдуулахыг хичээж байгаа.

Хэдий тийм боловч цагаачлал, үр хөндөлт, бэлгийн цөөнхийн эцэг эх байх эрх зэрэг асуудлуудад тус намын баримталдаг хатуу бодлого шүүмжлэл дагуулдаг.

зураг
 
Муссолини, ерөнхий сайд Мелони нар

Мелонигийн засгийн газрыг байгуулахад эвссэн Forza Italia нам мөн Загалмайн шашны уламжлал, үнэт зүйлсийг дээдэлдэг ч иргэний эрхийн асуудалд харьцангуй либерал байр сууринаас ханддаг юм.

Ракеле Муссолиниг намаа солиход хүргэсэн гол шалтгаан энэ бололтой.

Өнгөрсөн сард тэрбээр олимпын алтан медаль хүртсэн Алжирын боксчин Иман Хелифийн хүйсийн асуудлаар ерөнхий сайд Мелонитой маргаж байсан юм.

“Нотлох баримт олдох хүртэл Иман Хелиф бол эмэгтэй хүн. Тэр зохисгүй дайралт дарамтын улмаас их зовлон амсаж байна” гэж хатагтай Муссолини тухайн үед хэлж байжээ.

 

Эх сурвалж: Reuters