Уншиж байна ...

Чарльз хааны торгон цэргийн ёслолын малгай нэг бүрийн өртөг $2,600 давах болжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Их Британийн батлан хамгаалах яамны гаргасан тоо баримтаас Чарльз хааны торгон цэргийн ёслолын малгайн зардал жилээс жилд өсөж байгаа нь харагджээ.

Хар баавгайн үсээр хийдэг энэхүү сүрлэг малгайн өртөг сүүлийн нэг жилийн дотор 30 хувиар өсөж, 2,000 фунт стерлинг ($2,600) хүрсэн юм байна.

Амьтны эрхийг хамгаалах байгууллагууд “Freedom of Information” хуулийн хүрээнд дээрх мэдээллийг батлан хамгаалах яамнаас гаргуулж авчээ.

Peta (The People for the Ethical Treatment of Animals) байгууллага торгон цэргийн малгайд баавгайн үс ашигладаг уламжлалыг олон жилийн турш шүүмжилсээр ирсэн юм.

Британийн батлан хамгаалах яам дээрх мэдээллийг гаргасныхаа дараа “Хэрвээ шаардлага хангаж байвал бид хиймэл үслэг эдлэлийг нэвтрүүлэх боломжийг судлахад нээлттэй” гэж мэдэгджээ.

Малгайн өртөг өссөн шалтгааныг тус яам баавгайн үсийг Канадаас захиалж авдагтай холбон тайлбарласан байна.

2022 оноос 2023 оны хооронд торгон цэргийн ёслолын малгай нэг бүрийн өртөг 1,560 фунт стерлингээс 2,040 болж өсжээ.

Сүүлийн арван жилийн хугацаанд үүнд зарцуулсан мөнгөний хэмжээ нэг сая фунт стерлингийг давсан байна.

Peta байгууллагын тэргүүн Элиса Аллен “агнасан зэрлэг амьтны үсэнд татвар төлөгчдийн мөнгийг үрэхээ зогсоож, хиймэл үс ашигладаг болохыг” гэж батлан хамгаалах яаманд уриалжээ.

Батлан хамгаалах яам 2022 онд 13, 2023 онд 24 ширхэг шинэ малгайг Чарльз хааны торгон цэргийн хэрэгцээнд худалдан авсан байна.

Баавгайн арьс удаан эдэлгээтэй, мөн торгон цэргийн сүр жавхааг сайн илтгэдэг гэж энэ уламжлалыг хамгаалагчид тайлбарладаг.

Торгон цэргийн малгайд ямар үс ашиглах нь Чарльз хааны мэдэх хэрэг биш, батлан хамгаалах яаманд хамаатай асуудал юм.

Гэхдээ хааны гэр бүл ч бас энэ асуудалд өөрөөр ханддаг болсон гэх мэдээлэл бий. Тухайлбал хааны хатан Камилла энэ оноос эхлэн шинэ хувцас худалдаж авахдаа зөвхөн хиймэл үстэй хувцас сонгох болсныг BBC мэдээлж байжээ.

 

Эх сурвалж: BBC