Уншиж байна ...

Оросын арми Украины фронтод дайчлагдсан Энэтхэгийн 45 иргэнийг чөлөөлжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Оросын арми Украины фронтод хууль бус арга замаар дайчлагдсан 45 иргэнийг нь чөлөөлсөн тухай Энэтхэгийн гадаад хэргийн яам өчигдөр мэдээлжээ.

Өөр 50 иргэнээ мөн шилжүүлж авахаар ажиллаж байгааг нэмж мэдээлсэн байна.

Долдугаар сард Москвад хийсэн айлчлалынхаа үеэр Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди энэ асуудлыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд тавьснаар асуудал ийнхүү шийдэгдэж байгаа ажээ.

Энэтхэгийн дөрвөн иргэн Украины дайнд амь үрэгдсэн гэсэн сүүлийн үеийн тоо баримт бий.

Тус улсын дотоод хэргийн яамны мэдээлснээр 100 орчим хүн ОХУ-д өндөр цалинтай ажилд оруулах, их сургуульд суралцуулах амлалтад хууртан Украины дайнд явсан юм байна.

Энэ оны тавдугаар сард Энэтхэгийн эрх баригчид ийм хууль бус үйл ажиллагаа явуулж байсан сүлжээг илрүүлж, 13 хотод зэрэг явуулсан ажиллагааны үр дүнд хэд хэдэн хүнийг баривчилсан юм.

Тухайн сард Энэтхэгийн хөрш Шри Ланка улсын эрх баригчид бас ийм үйл ажиллагаатай холбоотой баривчилгаа явуулж байв.

Тус улсын 16 иргэн Украины дайнд амь үрэгдсэнийг албаны эх сурвалж баталж байна.

 

Эх сурвалж: ndtv.com