Уншиж байна ...

Технологийн салбарын тэрбумтан түүхэнд задгай сансарт гарсан анхны хувийн хэвшлийн нисгэгч боллоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өмнө нь зөвхөн засгийн газрын санхүүжилтээр мэргэжлийн сансрын нисгэгчдийн хийдэг байсан зүйлийг өчигдөр технологийн салбарын тэрбумтан хувийн санхүүжилтээрээ гүйцэтгэж, түүхэнд нэрээ үлдээлээ.

Жаред Айзакмэн өөрийн хөрөнгөөр SpaceX компанийн хөлгийг түрээслэн сансарт нисэх аяллыг санхүүжүүлсэн юм.

Энэ багт нийт дөрвөн хүн сансарт ниссэнээс SpaceX компанийн инженер Сара Гиллис өчигдөр Айзакмэний хамт задгай сансарт гарчээ.

Тэд задгай сансарт хоёр цаг хүрэхгүй хугацаанд хөвснийхөө дараа буцаж хөлөгтөө орсон байна.

Мэргэжлийн сансрын нисгэгчид хөлгийнхөө гадна талд засвар үйлчилгээ хийх зорилгоор заавал хосоороо задгай сансарт гардаг бөгөөд дээд тал нь 7-8 цаг ажилладаг юм.

“Дэлхийд буцаж очоод бид бүгдэд хийх ажил их байгаа. Харин эндээс харахад манай дэлхий үнэхээр төгс ертөнц мэт харагдаж байна” гэж Айзакмэн төрсөн сэтгэгдлээ хуваалцжээ.

Мягмар гарагт Флоридагаас хөөрсөн түүний баг дэлхийн тойрог замд таван өдрийг өнгөрөөхдөө SpaceX компанийн сансрын нисгэгчийн шинэ өмсгөлийг турших юм.

Тэд энэ туршилтынхаа хүрээнд саран дээр буусан NASA-гийн сансрын нисгэгчдээс хойш дэлхийгээс хамгийн хол зайд очсон хүмүүс болсон байна.

Өчигдөр задгай сансарт гарах зорилгоор тойрог замын өндрөө бууруулж, дэлхийд 740 км зайд ойртсон юм.

зураг
 
Баруун гар талаас хоёр дахь нь Жаред Айзакмэн

Сүүлийн жилүүдэд сансрын аялал жуулчлал хөгжиж, хувийн хэвшлийн захиалгат нислэгийн зорчигчид хэдхэн минут жингүйдлийг мэдрэхийн тулд их хэмжээний мөнгө төлдөг болоод байгаа.

Тэгвэл Айзакмэний баг энэ аяллыг шинэ түвшинд хүргэж чадлаа.

41 настай тэрбумтан нь төлбөрийн картын технологийн Shift4 компанийг үүсгэн байгуулагч юм.

Тэрбээр энэ аялалд хэдийг төлснөө нууцалж байгаа. Айзакмэн нийт гурван сансрын аяллыг санхүүжүүлж, үүнийгээ Polaris хөтөлбөр гэж нэрлэж байна. Polaris Down гэж нэрлэсэн энэ удаагийн аялал эхнийх нь юм.

SpaceX компанийн хувьд хувийн санхүүжилттэй захиалгат нислэгээ 2021 онд эхэлж байв.

Айзакмэнээс өмнө дэлхийн 12 улсын нийт 263 хүн задгай сансарт гарч үзсэн байдаг. Хамгийн анх Зөвлөлтийн сансрын нисгэгч Алексей Леонов 1965 онд үүний эхлэлийг тавьж, хэдхэн сарын дараа АНУ-ын Эд Уайт давтаж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press