Уншиж байна ...

Украины зэвсгийн хязгаарлалтыг цуцалбал Өрнөдийг дайнд шууд оролцсонд тооцохоо Путин анхаарууллаа

Т.Давааням, ikon.mn
2024 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Хэрвээ Украинд алсын тусгалын зэвсгийг Оросын газар нутгийн гүнд ашиглахыг зөвшөөрвөл Өрнөдийн орнуудыг дайнд шууд оролцсонд тооцохоо ерөнхийлөгч Путин өчигдөр анхааруулжээ.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский олон сарын турш Өрнөдийн нийлүүлсэн алсын тусгалын зэвсгийг ОХУ-ын газар нутгийн гүнд ашиглах зөвшөөрлийг холбоотнуудаасаа хүсэж байгаа юм.

Одоогоор ийм зэвсгийг зөвхөн Оросын хил орчмын нутагт өөрийгөө хамгаалах зорилгоор ашиглах хязгаарлалт үйлчилдэг.

“Энэ бол Украины дэглэмд ийм төрлийн зэвсгийг Оросын эсрэг ашиглахыг зөвшөөрөх төдий асуудал биш юм. Энэ бол НАТО-гийн орнууд дайнд шууд оролцох уу, үгүй юу гэдэг асуудал. Хэрвээ зөвшөөрөл гарвал АНУ болон Европын орнууд Украины дайнд шууд оролцож эхэлсэн гэсэн үг. Мэдээж ингэвэл мөргөлдөөний мөн чанарыг эрс өөрчлөх болно” гэж Путин өчигдөр ярьсныг Оросын төв телевиз дамжуулжээ.

Орос улс энэ шийдвэрийн хариуд ямар нэг “зохих арга хэмжээ” авах тухай тэр бас мэдэгдсэн байна. Гэхдээ яг ямар арга хэмжээ гэдгээ тодруулаагүй юм.

Тэрбээр өмнө нь Украинд тусалж буй холбоотнуудыг цөмийн зэвсгээр сүрдүүлж байсан.

АНУ тэргүүтэй улсууд Украинд өөрийн нийлүүлсэн алсын тусгалын зэвсгийг Оросын газар нутгийн гүнд ашиглахыг зөвшөөрөх нь бараг тодорхой болоод байгаа.

Иран улс саяхан баллистик пуужингуудаа ОХУ-д нийлүүлсэн нь үүнд түлхэц болсон гэж ажиглагчид үзэж байна.

Тегераны эрх баригчид үүнийг эрс үгүйсгэж, дээрх мэдээллийг Израилд зэвсэг нийлүүлж буйгаа зөвтгөх гэсэн “улс төрийн суртал нэвтрүүлэг” гэж мэдэгдсэн юм.

 

Эх сурвалж: Reuters