Олимпын таван цагаргийг Парис хотын бэлэг тэмдэг болсон Эйфелийн цамхаг дээр цаашид байнга байрлуулах санаа Францын иргэдийн дунд маргаан дэгдээгээд байна.
Зуны олимпын наадмын үеэр байрлуулсан цагаргуудыг цаашид байнга байлгах, ядаж дараагийн олимпын наадам хүртэл буюу 2028 он хүртэл энэ хэвээр үлдээх санаачилгыг Парис хотын захирагч Анна Идальго саяхан гаргасан юм.
Гэвч цамхгийг зохион бүтээсэн Густав Эйфелийн үр удам уг санааг эсэргүүцэж, буулгах хүртэл тэмцэхээ мэдэгджээ.
Асар том хэмжээтэй, олон өнгийн цагаргууд нь цамхгийн хэлбэрийн тэнцвэртэй байдлыг алдагдуулж, олон жилийн турш төлөвшиж тогтсон бэлгэдлийн утга санаа, агуулгыг эвдэх эрсдэлтэйг Эйфелийн удмынхан мэдэгджээ.
Тэд таван цагаргийг хамгийн уртдаа 2024 оныг дуустал байх боломжтой гэж үзэж байна.
1889 оны Парисын Универсал Үзэсгэлэнд зориулж босгосон 330 метр өндөр Эйфелийн цамхгийг анх 20 жилийн хугацаанд байлгахаар төлөвлөж байжээ.
Одоо уг байгууламж Парис хотын захиргааны өмчлөлд байдаг бөгөөд жил бүр долоон сая хүн ирж үздэгийн дөрөвний гурав нь гадаадын жуулчид байдаг гэнэ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!