Ардчилсан Нам (АН)-ын гишүүд орон нутгийн сонгууль болох гэж буйтай холбогдуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Орон нутагт нэр дэвшиж буй хүмүүсийн талаар Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт "Нийгэмд болж бүтэхгүй байгаа асуудлыг иргэдийнхээ төлөө, зоригтой, шударгаар дуугардаг дуу хоолой болсон иргэдийн манай нам энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлсэн.
Ажил хийх хүн боловсрол мэдлэг өндөртэй, мэргэжлийн мэргэшсэн байх ёстой. Ажил хийх хүмүүс тусдаа учраас манай баг мөрийн хөтөлбөр боловсруулсан. Харин иргэдийг төлөөлж ажиллах, сард нэг удаа хуралдаанд сууж нийслэлийн асуудалд иргэдийн дуу хоолой болж ажиллах хүмүүс өөр байх ёстой.
АН өөрийн гэсэн мөрийн хөтөлбөрийг Улаанбаатарт нэр дэвшүүлсэн. Энэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллах төлөөлөл болж, шударга дуу хоолой болж явах хүмүүс бол манай нэр дэвшигчид юм. Тиймээс энэ удаагийн орон нутгийн сонгуульд ялна гэсэн бат итгэлтэй байна" гэв.
Үргэлжлүүлэн АН-ын гишүүн О.Батханд "Өнөөдөр манай нийгэмд хяналтын тогтолцоо байна уу. Бидний төлж буй татварын мөнгө юунд урсаж байгаа вэ. Үүнд хүчтэй дуугарах хүчтэй сөрөг хүчин нийслэлд байна уу.
Бид эрх баригчидтай нэг бялуу хамтдаа хувааж идээд сууж болохгүй. Учир нь ард түмэн бялуу хувааж идэх бус хяналт тавиарай хэмээн итгэж саналаа өгдөг.
Эвдэрхий замтай Монгол улс жил бүр гантиг чулуугаар бордюр сольдог. Энэ нь хяналтгүй байгаагийн шинж. Жил бүр өвлийн хүйтэнд агаарын бохирдлоос болж хэдэн арван хүн амь насаа алддаг. Гэтэл дэлхийд дайнтай улс оронд энгийн иргэд амь насаа алддаг.
Иймэрхүү эмгэнэлтэй бөгөөд гашуун түүхийг бид цаашид давтах ёсгүй. Тиймээс хатуу хяналттай сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхийн тулд нийслэлийн АН-ын зүгээс 44 залууг илгээсэн. Хамгийн гол нь хүчтэй сөрөг хүчин байхын тулд бид асар их мөнгө, эрх мэдлийн эсрэг явж байгаа. Тиймээс ард түмэн дэмжин гэдэгт итгэж байна.
Миний аав малчдын мал хулгайд алдагдахад өөрийнхөө машинаар гараад малын хулгайчидтай тэмцдэг байсан. Харин би төсвийн хулгайчидтай тэмцэхээр нийслэлийн сонгуульд нэр дэвшиж байгаа юм.
Бид дөрвөн жилийн хэлэх үг, хийсэн ажилтай хүчтэй сөрөг хүчин байх болно. Ухаантай сонголт хийнэ гэдэгт бид итгэж байна" хэмээн ярив.
Орон нутгийн сонгуульд яагаад нэр дэвших болсон талаар АН-ын гишүүн Ө.Эрдэнэболд "Миний хувьд хуваариа бизнес хийдэг гэдгийг ихэнх хүмүүс мэдэх байх. Яагаад энэ намд орж, сонгуульд нэр дэвших болсныг хүмүүс гайхаж байх шиг байна.
Ер нь бол биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг үг бий. Миний хувьд нас 40 гарч, биеэ гэрээ засчихсан. Өөрийн гэсэн тодорхой бизнестэй болсон. Одоо улс орны эрх ашгийн төлөө явах ёстой гэсэн миний дотоод үзэл бодол бий.
Нууж хаахгүй хэлэхэд би АН-д дөнгөж саяхан орсон. АН-ынхан намайг нийгэмд тодорхой хэмжээний нөлөө үзүүлдэг, хүмүүсийн дэмжлэг авдаг учраас албан ёсоор урьсан. АН-д баярлалаа гэж хэлье. Намайг тоодог хүн байдаг юм байна. Энэ намын квотыг авна гэдэг асар их мөнгөний дайн юм байна" гэв.
Түүнчлэн АН-ын гишүүн, Люмино хамтлагийн дуучин Б.Батхишиг "Миний бие энэ удаагийн орон нутгийн сонгуульд АН-аас нэр дэвшихээр шийдсэн. Т.Батцогт дарга өмнө нь манай намд хэн ч элсээд, нэр дэвшиж болно гэж хэлж байсан.
Би бол үүний нэг жишээ. Манайхан шууд улс төржүүлээд байгаа. Үүнд ямар ч улс төржсөн зүйл байхгүй. Иргэдийн өмнөөс хуралд сууж буй хүмүүс намын цүнх баригчид биш байх ёстой.
Иргэдийн төлөө тэмцэж чадах хүмүүс иргэдийн төлөөлөгчийн хуралд байх ёстой. Ингэснээр шударга, гоё болох гээд байна. Бидний систем намын цүнх баригч, хамаатан садан байгаа. Үүнийг жаахан ч гэсэн өөрчлөх хэрэгтэй.
Миний хувьд алслагдмал, Сонгинохайрхан дүүргийн гэр хороололтой бүсэд нэр дэвшсэн. Улаанбаатар хотод зарим газартаа аз жаргалтай амьдарч байгаа байх.
Зарим газар нь маш хөгжилгүй байна. Ер нь тухайн газарт нь хөгжлийг авч очвол заавал хотын төв рүү ирэх шаардлагагүй. Алслагдмал газарт хотын соёл, соён гэгээрлийг хүргэх хэрэгтэй. Энэ тал дээр хувь хүний зүгээс илүү анхаарч дуугарах болно.
Би хэзээ ч улс төрч болно гэж боддоггүй. Би улс төрч биш, чөлөөт уран бүтээлч. Өөрийнхөө дуртай зүйлийг хийдэг хүн. Нийгмийн хариуцлагын хүрээнд уран бүтээлч хүн уран бүтээлдээ шүүмжилж байдаг. Би үүний дуу хоолой байсаар ирсэн. Энэ бол миний нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй зүйл юм" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!