Уншиж байна ...

Өмнөд Африкийн ерөнхийлөгч асны охин Эсватини улсын олон эхнэртэй хаантай “хайр дурлал”-ын үндсэн дээр гэрлэнэ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг
ӨАБНУ-ын ерөнхийлөгч асан Зумагийн охин

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын (ӨАБНУ) ерөнхийлөгч асан Жэкоб Зумагийн 21 настай охин хөрш Эсватини улсын хаантай гэрлэхээр болжээ.

1.1 сая хүн амтай Эсватини улсын газар нутаг бараг бүхэлдээ ӨАБНУ-ын нутгаар хүрээлэгдсэн байдаг бөгөөд Африк тивийн хэмжээлшгүй эрхт хаантай сүүлчийн улс юм.

Эсватини улсад жил бүр зохион байгуулагддаг хааны шинэ эхнэрийг сонгох уламжлалт ёслол найм хоног үргэлжилж, энэ долоо хоногийн эхээр дууссан байна. Уг арга хэмжээнд залуу охид, бүсгүйчүүд хааны шинэ эхнэр болохоор өрсөлддөг.

Энэ жилийн өрсөлдөөнд Жэкоб Зумагийн охин Номсебо Зума шалгарч, хаан Гуравдугаар Мсватитай гэрлэхээр болсныг Эсватинигийн засгийн газрын төлөөлөгч өчигдөр мэдээлжээ.

зураг
 
Ерөнхийлөгч асан Жэкоб Зума охины хамт

56 настай Мсвати хаан 15 удаа гэрлэж байсан бөгөөд одоо 11 эхнэртэй юм.

Уг гэрлэлтийг улс төрийн зорилгогүй, цэвэр хайр сэтгэлийн үндэслэлтэй болохыг Эсватинигийн төлөөлөгч баталжээ.

“Хайр сэтгэлд нас хамаагүй. Хайр бол хоёр хүний хооронд үүсдэг зүйл. Энэ нь 100 настай хүн болон үндсэн хуулиар зөвшөөрөгдсөн насны доод босгыг давсан хэдэн ч настай хүмүүсийн хооронд тохиолдож болно” гэж Эсватинигийн засгийн газрын төлөөлөгч Алпеоус Нзумадо тайлбарласан байна.

Жэкоб Зума 2009-2018 оны хооронд ӨАБНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.

Түүний хүргэн болж буй Мсвати хаан 38 жил төр барихдаа өөрөө баян тансаг амьдарч, ард түмнээ ядууруулсан гэж сөрөг хүчнийхэнд шүүмжлүүлдэг.

Эсватини улсын хүн амын ихэнх хэсэг туйлын ядуу нөхцөлд амь зуудгаас гадна ДОХ-ын өвчлөлөөр дэлхийд дээгүүр жагсдаг юм.

зураг
 
Эсватини улсын хаан Гуравдугаар Мсвати

Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа авлигын олон хэрэгт холбогдож байсан Зума саяхан шинэ нам байгуулсан нь энэ оны сонгуулиар парламентад авсан суудлын тоогоор гуравт жагсаж, Өмнөд Африкийн улс төрд амжилттай эргэн иржээ.

Одоо 82 настай Зума нь ӨАБНУ-ын хүн амын томоохон хэсэг болох Зулу овгийн хүн бөгөөд хэд хэдэн эхнэр, 20 хүүхэдтэй гэдэг.

Эсватини болон Зулугийн хаад язгууртнууд эртнээс ойр дотно харилцаатай байжээ.

Гуравдугаар Мсвати хаан жил бүрийн арга хэмжээнд оролцогчдоос өөрийн шинэ эхнэрийг сонгодог уламжлалтай.

2005 онд тэр 17 настай охинтой гэрлэхийн тулд 18-аас доош насны охидтой бэлгийн харилцаанд орохыг хориглосон хуулиа цуцалж байжээ.

ДОХ-ын халдвар тархалтыг хязгаарлахын тулд 2001 онд ийм хязгаарлалтыг Эсватини улс хуульчилж байсан юм. Уг хуулийг гарснаас хойш хоёрхон сарын дараа Мсвати хаан ес дэх эхнэрээрээ 17 настай охиныг сонгосон бөгөөд хууль зөрчсөн үйлдэлдээ өөрөө өөрийгөө шийтгэж, нэг үнээгээр торгож байжээ.

 

Эх сурвалж: BBC