Уншиж байна ...

Эхнэрээ хүнд гэмт хэрэгтэн болгож хорлох гэсэн эрэгтэй Сингапурын шүүхээс ял сонсжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Таарамжгүй харилцаатай эхнэрээ хорлож, цаазын ялд унагахыг оролдсон эрэгтэйд Сингапурын шүүх саяхан гурван жил, 10 сарын хорих ял оноожээ.

37 настай Тан Шянлон эхнэрийнхээ автомашины арын суудалд хагас кило орчим каннабис мансууруулах төрлийн ургамал нуусан нь тогтоогдсон юм байна.

Ийм хэмжээний мансууруулах бодис хадгалсан хүн Сингапурт цаазын ял сонсдог юм.

“Тан төлөвлөгөө нь амжилттай хэрэгжвэл эхнэрээ хилс хэрэгт хэлмэгдэж, хүнд шийтгэл хүлээхийг мэдэж байсан” гэж Пүрэв гарагт гарсан шүүхийн дүгнэлтэд бичжээ.

Танд оноосон хорих ял нь зөвхөн каннабис биедээ авч явсан хэрэгтэй холбоотой шийтгэл юм байна. Одоо тэр бас бусдын эзэмшилд хуурамч баримт нуусан хэрэгтээ дахин ял сонсож магадгүй гэнэ.

Тан 2021 онд эхнэртэйгээ гэрлэсэн ч жилийн дараа салж байжээ.

Гэхдээ Сингапурын хуулиар хамгийн богинодоо гурван жил хамт амьдарсан хосууд албан ёсоор салах боломжтой байдаг юм.

Тиймээс Тан эхнэрээ гэмт хэрэгтэн болговол салахад амархан болно гэж тооцоолжээ.

Өнгөрсөн оны аравдугаар сарын 16-нд тэр Телеграмын чат группээс 500 грамм каннабис худалдан авсан байна.

Улмаар үүнийгээ маргааш нь эхнэрийнхээ автомашинд нуужээ. Гэвч автомашинд камер байдгийг тэр мэдээгүй гэнэ.

Эхнэр нь гар утаснаасаа камераар Тан автомашиных нь ойролцоо эргэлдэж байгааг хараад цагдаад мэдээлжээ.

Ингэхдээ тэр нөхрөө ноцтой гэмт хэргийн баримт нуусныг мэдээгүй байна.

Цагдаа нар ирээд автомашинаас каннабис олсон тул Таны эхнэрийг баривчилжээ. Гэвч эмэгтэйгээс гэмт хэргийн нотолгоо олдоогүй тул нөхрийг нь шалгаж эхэлсэн байна.

Сингапур хар тамхины гэмт хэрэгт хамгийн хатуу ханддаг улс боловч Тан хэргээ эрт хүлээж, мөрдөн байцаагчидтай хамтран ажилласан үндэслэлээр харьцангуй хөнгөн ял сонссон нь энэ ажээ.

Өнгөрсөн онд Сингапурт хар тамхины хэрэгтэй хоёр хүн хоорондоо таван сарын зайтай цаазлуулсан юм.

 

Эх сурвалж: BBC