Перу улсын Лима хотод болж буй жүдогийн өсвөрийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий хоёр дахь өдөр хөвгүүдийн 60, 66 кг, охидын 48, 52 кг жингийн медальтнууд тодорлоо.
Хөвгүүдийн 60 кг-ийн жинд Ч.Бодирагчаа, Б.Төмөрбаатар, 66 кг-ийн жинд Б.Тэмүүлэн, охидын 48 кг-ийн жинд Б.Урангоо, Ж.Анударь, 52 кг-ийн жинд Л.Булган, Б.Гүндэгмаа нар өрсөлдсөн юм.
Тэднээс охидын 48 кг-ийн жинд хүч үзсэн Жамсрангийн Анударь эхний тойрогт Унгарын Викторья Киссийг, дараагийн даваанд Казахстаны Гулхан Шингишханыг, хэсгийн аваргын төлөө Германы Чарлотт Неттешеймийг, хагас шигшээд Польшийн Барбара Тваровскаг ялснаар шигшээд шалгарсан байна.
Ингээд аваргын төлөө Бразилын Кларис Рибейрод ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.
Энэ удаагийн өсвөрийн ДАШТ-ээс Монголын баг тамирчид одоогоор гурван медаль авлаа. Өмнө нь хөвгүүдийн 55 кг-ийн жинд Б.Бат-Энэрэл мөнгө, 50 кг-ийн жинд Б.Чинхүслэн хүрэл медаль хүртсэн билээ.
Сонирхуулахад жүдогийн өсвөрийн ДАШТ-ийг 2009 онд анх зохион байгуулж эхэлсэн. Харин манай тамирчдаас 2013 онд хөвгүүдийн 50 кг-д А.Баяраа, 60 кг-д Ц.Цогтбаатар нар анхны хүрэл медалийг эх орондоо авчирсан түүхтэй.
Үүнээс хойш 2015 онд хөвгүүдийн 50 кг-д Б.Нармандах хүрэл, охидын 40 кг-д О.Баасансүрэн мөнгө, 2017 онд Б.Нармандах хөвгүүдийн 60 кг-д хүрэл, 2022 онд охидын 48 кг-д М.Нандин-Эрдэнэ, +70 кг-д Б.Ням-Эрдэнэ нар хүрэл, өнгөрсөн жил Хорватын Загреб хотод болсон тэмцээнээс охидын 44 кг-д Ц.Отгонжаргал мөнгөн медаль хүртжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!