Уншиж байна ...

Уганда улсын цагдаа нар нэг сүмээс 24 ширхэг хүний гавлын яс илрүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Уганда улсын нийслэл Кампала хот

Уганда улсын нийслэл Кампала хотын нэг сүмээс цагдаа нар 24 ширхэг хүний гавлын яс илрүүлсний дараа сүмийн эзнийг хүнээр тахил өргөсөн байж болзошгүй хэрэгт сэжигтнээр татжээ.

Дөнгөж нэг сарын өмнө тус улсын өөр нэг газраас 17 хүний гавлын яс олдож байсан юм.

“Бид Натэтэ дүүргээс 24 хүний гавлын яс илрүүлсний дараа эх үүсвэрийг нь тогтоохоор ажиллаж байна” гэж Кампала хотын цагдаагийн газрын төлөөлөгч Луке Овейесигире өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ.

Цагдаа нар иргэдийн мэдээллийн дагуу Ням гарагт Годфрей Ддамулира гэгчийн хувийн сүмд ажиллагаа явуулах үеэрээ шалан дээр эгнүүлэн өрсөн гавлын яснуудыг олсон юм байна.

Маргааш нь өөрийгөө уламжлалт анагаах ухааны эмч гэж танилцуулсан Ддамулираг баривчилжээ.

Мөрдөн байцаалтын үр дүнд түүний гэм буруутай нь тогтоогдвол 2020 оноос Угандад хэрэгжиж эхэлсэн хүнээр тахил өргөх зан үйлийг хориглох хуулийн дагуу хатуу шийтгэл хүлээх юм.

Ийм гэмт хэрэг үйлдсэн хүмүүс олон жилийн хорих ялаас эхлээд цаазын ял хүртэл сонсдог.

Өнгөрсөн сард цагдаа нар нийслэл Кампалагаас баруун зүгт 40 км зайтай оршдог Мпиги тосгоны газар доорх хонгилоос 17 хүний, тэр дундаа хүүхдийн гавлын яс олж байв.

Уг хэргийн сэжигтнийг мөрдөн шалгаж ажил одоо үргэлжилж байгаа ажээ.

 

Эх сурвалж: AFP