Уншиж байна ...

Мафийн эсрэг тэмцэгчийн гэрийн үүдэнд авс тавьсан хэрэгт Ромын гэмт хэргийн бүлэг сэжиглэгдэж байна

Т.Давааням, ikon.mn
2024 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт Италийн мафийн эсрэг хөдөлгөөний идэвхтний гэрийн үүдэнд хар өнгийн авс тавьсан хэрэг гарчээ.

Уг хэрэгт нийслэл Ром хотын ойр орчмын нутаг дэвсгэрт мафи маягийн үйл ажиллагаа явуулдаг Касамоника гэмт хэргийн бүлэг сэжиглэгдэж байгааг цагдаагийн газар өчигдөр мэдээлсэн байна.

Авсыг Торипиубелла мафийн эсрэг хөдөлгөөний тэргүүн Тициана Ронциогийн гэрийн үүдэнд орхисон байжээ.

Ронциогийн гэр Ром хотын Тор Белла Монака дүүрэгт оршдог.

Энэ дүүрэгт өмнө нь Касамоника бүлгийн толгойлогч гэр бүлийн харш байрладаг байжээ.

Уг байгууламжид Ромын цагдаагийн газар 2018-2019 онуудад ажиллагаа явуулсны дараа нурааж байсан юм.

Тухайн үед тэндээс нэлээд хэдэн тонн кокаин, хероин зэрэг хар тамхи, шаазан барималд нуусан их хэмжээний бэлэн мөнгө, алт, үнэт эдлэл илэрч байсан гэдэг.

Ронциогийн хөдөлгөөн мафийн гишүүдийн мэдээллийг цагдаагийн байгууллагад олж өгөх, шүүх хуралд хохирогч иргэдийн өмнөөс мэдүүлэг өгөх зэрэг ажлыг зохион байгуулдаг ажээ.

“Би айхгүй байна. Харин ч улам идэвхтэй ажиллах болно. Энэ нь биднийг улам хурцалж, тэмцэх хүслийг өдөөж байна” гэж Ронцио хэвлэлд ярьсан байна.

Ром хотын цагдаагийн газар авсны гадна талаас хурууны хээ цуглуулсан, мөрдөн шалгах ажил үргэлжилж буйг мэдээлжээ.

Ронциогийн гэр болон албан тасалгаа өмнө нь олон удаа халдлагад өртөж байсан ч авсаар сүрдүүлсэн нь өмнө гарч байгаагүй ховор тохиолдол гэнэ.

Ром хотын захирагч Роберто Гуалтери “Өнөөдөр аймшигтай сүрдүүлэг хүлээж авсан Тициана Ронциотой бид эв санааны нэгдэлтэй байна. Түүний Тор Белла Монака дүүргийн олон шударга иргэдийн хамт олон жил хийж ирсэн ажил энэ сүрдүүлгийн улмаас зогсохгүй гэдэгт итгэлтэй байна. Манай хот болон хотын захиргаа Тицианагийн шударга ёсны төлөө тэмцлийг тууштай дэмжин ажиллах болно” гэж мэдэгджээ.

Касамоникагийн бүлэг нь анх 1970-аад оны үед Италийн Мафитай Тэмцэх Газрын бүртгэлд орж байсан юм.

Уг бүлгийг дэлхийн хоёрдугаар дайны дараа Италийн хөдөө нутгаас Ромд нүүж ирсэн цыган хүмүүсээс гаралтай гэж үздэг.

Одоо тус бүлгийн хөрөнгийн хэмжээг 90 сая орчим евро гэж Италийн хуулийнхан тооцоолдог юм байна.

Тэд ихэвчлэн хулгай, рэкет, хээл хахуультай холбоотой гэмт хэрэг үйлддэг байна. Касамоникагийн гишүүдийн тоо 1,000 орчим.

Одоо тус бүлгийн 10 гаруй гишүүн Ром хотын барилгын төслөөс цахилгаан эрчим хүч хулгайлсан хэрэгт шалгагдаж байгаа юм байна.

2015 онд бүлгийн хамгийн том толгойлогч Витторио Касамоникагийн сүр дуулиантай оршуулгын ёслол Ром хотод болж байжээ.

Хэдийгээр бусад мафийн боссуудыг оршуулах ёслолыг олон нийтэд нээлттэй зохион байгуулахыг хориглодог ч тэд Ромын эрх баригчдаас ямар нэг аргаар зөвшөөрөл олж авсан байв.

Тухайн үед цагдаагийн хамгаалалт гарч, нисдэг тэрэгнээс Тор Белла Монака дүүргийн дээрээс сарнайн дэлбээ цацаж, сүмийн гадна “Загалмайлсан эцэг” киноны аяыг тоглуулж байсан гэдэг.

 

Эх сурвалж: CNN