Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маск кино театр, ресторан бүхий цахилгаан автомашины цэнэглэгч станц байгуулж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Тэрбумтан Илон Маскийн олон жилийн өмнө ярьж байсан санаа бодитой хэрэгжиж эхэлснийг эх сурвалжууд мэдээлжээ.

Тэрбээр Холливүүдэд 24 цагийн ажиллагаатай Супер цэнэглэгч станц байгуулах төлөвлөгөөгөө анх 2018 онд дэлгэж байсан юм.

Гэхдээ энэ ажил нэлээд хугацаагаар хойшилсны эцэст өнгөрсөн оны есдүгээр сард л эхэлж байжээ.

Тэгвэл уг төслийн хүрээнд баригдаж буй хоёр давхар, металл гадаргуутай, дугуй хэлбэртэй барилгын ажлын гэрэл зургууд нийтийн дунд тарж эхлээд байна.

зураг
 

Блүүмбэрг агентлагийн олж мэдээлснээр уг станц нь 28 цэнэглэгчтэй, хоёр том дэлгэцтэй, нийт 200 хүнд нэг зэрэг үйлчлэх багтаамжтай байх гэнэ.

Дэлгэцүүд дээр 15-30 минутын урттай кинонууд тасралтгүй гарах ба энэ нь Тесла автомашины цэнэглэгдэх хугацаа юм байна.

Хүмүүс киног автомашин дотроосоо, эсвэл байгууламжийн дээд давхрын танхимд үзэх боломжтой байх ажээ.

Маск 2023 оны наймдугаар сард Х хуудсандаа “Манай Теслагийн футурист ресторан энэ оны сүүлээр бэлэн болно” гэж бичиж байсан юм.

Хэдийгээр тэр технологийн олон салбарт амжилттай ажилладаг ч үзвэр, үйлчилгээний салбараас хол хүн юм.

АНУ дахь Теслагийн хэд хэдэн цэнэглэгч станц одоо өөртөө үйлчлэх вендин машин, лонж зэргээр тоноглогдон байдаг.

 

Эх сурвалж: Business Insider