ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлант: Гамшгийн эрсдэлийн даатгалын оновчтой системийг бий болгох шаардлагатай байна

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 8 сарын 19
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Үндэсний Давхар Даатгал” ХК үүсэж байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд өнгөрсөн долоо хоногт "Эрсдэлд тэсвэртэй Монгол Улс" олон улсын форумыг зохион байгууллаа. 

Форумд АНУ, Швейцар, Англи, Франц, Солонгос, Хятад, Австрали, Беларусь, Сингапур, Вьетнам зэрэг 10 гаруй улсын даатгалын мэргэжилтнүүд хүрэлцэн ирж оролцсон юм. 

Энэ үеэр Малын индексжүүлсэн даатгал болон эрсдэлийн бусад даатгалыг Монгол улсад хөгжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, тулгарч байгаа сорилт, боломжийн талаар даатгалын салбарын оролцогчид, олон улсын мэргэжилтнүүд хамтран хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Малын индексжүүлсэн даатгал нь малчдыг зудын эрсдэлээс шалтгаалан мал нь хорогдон, амьжиргааны түвшин доройтох цаашид ядууралд өртөхөөс хамгаалж буй даатгалын тогтолцоо юм.

“Үндэсний давхар даатгал” ХК нь 2014 онд малын индексжүүлсэн даатгалын тухай хууль батлагдсанаас хойш уг даатгалыг төр, хувийн хэвшлийн түншлэл хэлбэрээр Монгол улсын өнцөг бүрд буй малчин иргэдэд  хүргэж ажиллаж байна гэдгийг “Дэлхийн Гамшгийн эрсдэл ба ядуурлын төв”-ийг үүсгэн байгуулагч, доктор Ph.D Жерри Скийс онцлов. 

"Гамшгийн эрсдэлийн даатгалын хамгийн өндөр нөхөн төлбөрийг энэ жилийн зудын гамшигт өртсөн малчин өрхүүдэд олгосон "

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд уг даатгалд:

 ​​​​​Давхардсан тоогоор 281,371 малчныг хамруулж, 26.3 тэрбум төгрөгийг малчдын нөхөн төлбөрт олгосон байна. 

2024 оны цас зудын гамшигт нэрвэгдсэн

218 сумын 22 мянга гаруй малчин өрхөд давхар даатгалаас 16.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгох тооцоолол гараад байна.

Энэ жилийн цас зудын гамшигт нөхөн төлбөр авсан малчин өрхүүд нь нийт даатгуулсан малчин өрхийн 62 хувийг эзэлж байгаа бөгөөд энэ нь даатгалын салбарт олгож буй гамшгийн эрсдэлийн даатгалын хамгийн өндөр нөхөн төлбөр гэдгээрээ онцлог аж. Уг нөхөн төлбөрийг ирэх есдүгээр сард малчдад бүрэн олгохоор ажиллаж байгаа юм байна. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Форумаар хэлэлцсэн шинэ санал санаачилгуудын талаар “Үндэсний Давхар Даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлант дараах зүйлсийг онцлов. 

Тэрбээр "Өнгөрсөн өвлийн зуд, зуны үер шиг олон төрлийн эрсдэлийг бид хэзээ болохыг нь хэлж тааж мэдэхгүй байна. Иймд гамшгийн эрсдэлийн даатгалын оновчтой зөв системийг Монгол Улсад бий болгох шаардлагатай байна. 

Малын индексжүүлсэн даатгалд өнөөдрийн байдлаар манай улсын нийт малчин өрхийн 18 хувь, нийт малын 11 хувь нь хамрагдсан байна. Энэ нь даатгал худалдаж авах сэтгэхүй сул, худалдан авагч талын санхүүгийн чадавхтай холбоотой юм. 

Мөн ихэнх малчид, сум орон нутгийн удирдлагууд уг даатгалын босго үзүүлэлтийн талаар асуудал хөнддөг. Энэ нь хуульд тусгагдсан хатуу хувьтай байдаг.

Иймд өнөөдрийн уулзалт, хэлэлцүүлгээс гаргасан санал, зөвлөмжөө шийдвэр гаргагч нарт хүргэхээр ажиллаж байна. Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг нэлээд хөндлөө. 

Түүнчлэн зөвхөн малын хорогдлын хувьд суурилсан суурь үзүүлэлт байгааг нэмэгдүүлж дахиад хоёр, гурав дахь хөшүүргийг гаргаж ирэх талаар өнөөдрийн хуралд оролцогчид маань дэвшүүллээ. Тухайлбал даатгуулагч нартаа урьдчилж нөхөн төлбөр өгдөг системийг бий болгож болох юм. Яг хүнд хэцүү байсан үед нь хэдэн боодол өвс авах хэмжээний нөхөн төлбөрийг урьдчилаад өгвөл хорогдлыг бууруулах хүчин зүйл байна гэж харж байгаа юм.  

Нэгдүгээр сард Дүнжингаравт болсон хийн дэлбэрэлт, өнгөрсөн жил болсон үерийн гамшиг зэрэг жишээнээс харахад даатгалтай иргэн аж ахуйн нэгж маш цөөхөн байсныг харж болохоор байсан. Эргээд энэ нь Засгийн Газар дээр төсвийн хүндрэлийг үүсгэж байгаа юм. 

Энэ жилийн зуд, өнгөрсөн жилийн үерт Засгийн Газрын нөөц хөрөнгөнөөс гаргаж зарцуулсан тэр их хэмжээний мөнгө татвар төлөгчдийн нуруун дээр ирж байгаа. Энэ байдлыг л даатгалын систем рүү яаж шилжүүлэх вэ гэдгийг бид хөндөж ярилцлаа" гэв. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн тэрбээр "Бизнес эрхлэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нарт хүлээлт үүсгэсэн нэг том сэдэв бол банкнаас хамааралтай худалдааны санхүүжилтийн арга хэрэгслийг яаж төрөлжүүлэх гэдэг асуудал. Даатгалын компаниуд тендер, гүйцэтгэлийн болон урьдчилгаа төлбөрийн баталгааны бүтээгдэхүүнийг зах зээл дээр нийлүүлээд эхэлчихлээ. Зургаан сар хүрэхгүй хугацаанд 125-аад аж ахуйн нэгжид баталгаа гаргаад өгчихсөн байна.

Банкнаас хамааралтай худалдааны санхүүжилтийн хүндрэлүүдийг даатгалын системээр шийдэх үүд хаалга нээгдчихлээ. Энэ тогтолцооны цаад үр ашгийг хэрэглэгч буюу худалдан авагч хүртэнэ. Зөвхөн ганц газраас хамааралтай байсан худалдааны санхүүжилтийн арга хэрэгслийг төрөлжүүлээд ирэхээр бүтээгдэхүүн үйлчилгээний зардал өртгийн хэмжээ буураад эхэлнэ. Худалдааны эргэлт сайжирна зэрэг олон давуу тал үүсэх юм" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.178.178] 2024/8/19
Хураамж нь даатгалдаа таарсан бүрэн нөхөх биш лд ээ. Өгөх гэж шалгаж удаж баахан эрүүдэж байдаг шүү дээ
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.254] 2024/8/19
Даатгалаар ингээд эрсдэлээ шийдүүлчлээ гэж ер нь бичихгүйм, хураамжаа бол аваад байх шиг байггам, энэ тал дээр даатгалын буцаан олголтын талаарх мэдээлэл ер гаргахгүйм, хурал боллоо л гэхээс өөр зүйлгүй
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.229] 2024/8/19
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд уг даатгалд: ​​​​​Давхардсан тоогоор 281,371 малчныг хамруулж, 26.3 тэрбум төгрөгийг малчдын нөхөн төлбөрт олгосон байна. Энд дурдсан байна. 7 хоногт ойролцоогоор даатгалын салбар 2-3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг шийдвэрлэж иргэн, хуулийн этгээдийг санхүүгийн хүндрэлээс гаргаж байна.
0 | 0 Хариулах