Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

“Friends” цувралын жүжигчин Мэттью Перригийн үхэлд таван хүнийг буруутгалаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Бараг нэг жил орчмын өмнө нас барсан “Friends” цувралын гол дүрийн жүжигчин Мэттью Перригийн үхэлд таван хүнийг яллах шийдвэрийг өчигдөр АНУ-ын прокурор гаргажээ.

Хоёр эмч болон бусад гурван хүнийг жүжигчинд хүчтэй тайвшруулах үйлчилгээтэй кетамин хэмээх эмийг их хэмжээгээр нийлүүлж байсан гэж буруутгасан байна.

Шүүгдэгчдийн дунд Лос-Анжелес хотын “Кетамины Хатан хаан” гэж алдаршсан гэмт хэргийн нууц сүлжээний гишүүн эмэгтэй байгааг прокурор Мартин Эстрада мэдээлжээ.

“Эдгээр хүмүүс ноён Перригийн донтолтыг далимдуулан баяжиж байсан юм” гэж Лос-Анжелес хотод болсон хэвлэлийн хурлын үеэр Эстрада хэлсэн байна.

Өнгөрсөн оны аравдугаар сард Перри 54 насандаа “кетамины цочмог нөлөөний улмаас” гэсэн шалтгаанаар нас барж байв. Тэрбээр Лос-Анжелес хот дахь гэрийнхээ халуун усны онгоцонд нас барсан байсныг цагдаа нар олсон юм.

Өнгөрсөн хугацаанд хууль хүчнийхэн жүжигчин ямар замаар кетаминыг их хэмжээгээр олж авсныг мөрдөн шалгаж байжээ.

Арванхоёрдугаар сард гарсан шүүх эмнэлгийн дүгнэлтэд Перригийн биеэс амь насанд аюул учруулахуйц их хэмжээний кетамин илэрснийг дурдаж байв.

Үхэлд хүргэсэн бусад хүчин зүйлүүд нь усанд живсэн, титэм судасны өвчлөл, опиоид эмийн донтолт зэрэг байжээ.

Перри сүүлийн 20 гаруй жил мансууруулах бодис, согтууруулах ундааны донтолтоор шаналж яваагаа нийтийн өмнө ил тод хүлээн зөвшөөрч байсан.

Бүр 1990-ээд оны “Friends” телевизийн цувралд Чэндлер Бингийн дүрийг бүтээж байхдаа ч ийм байдалтай байснаа нууж байгаагүй.

Гэрчүүдийн мэдүүлснээр Перри сэтгэлийн хямрал, айдас түгшүүрээ эмчлэх зорилгоор жорын дагуу кетамин хэрэглэдэг байжээ.

Гэхдээ тэр нас барахаасаа долоо хоногийн өмнө хамгийн сүүлд эмчийн жороор кетамин хэрэглэсэн нь илэрсэн байна. Энэ баримтыг үндэслэн шалгахад жүжигчин эмчилгээнээсээ гадуур уг эмийг хэтрүүлэн хэрэглэдэг байсан нь тогтоогджээ.

 

Эх сурвалж: Reuters