Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн Мельбурн хотод цахилгаан скүүтерийг хориглолоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Аюулгүй байдлын шалтгаанаар Австралийн Мельбурн хотын захиргаа түрээсийн цахилгаан скүүтерийн үйлчилгээг хоригложээ.

Тус хот 2022 оны хоёрдугаар сард анх ийм үйлчилгээг хоёр жилийн туршилтын хугацаанд эхлүүлж байсан юм.

Гэвч өнгөрсөн хугацаанд цахилгаан скүүтертэй холбоотой олон зуун осол гарсан нь хотын оршин суугчдыг түгшээж, бухимдуулах болжээ.

“Хэтэрхий олуулаа явган хүний замаар зорчиж байна. Хэрэглэснийхээ дараа буруу байрлуулж байна. Тэд хот даяар хог шиг хаягдаж, иргэдэд бүдэрч унах эрсдэл учруулж байна” гэж Мельбурн хотын захирагч Николас Рис орон нутгийн хэвлэлд ярьсан байна.

Мельбурнээс өмнө Парис хот өнгөрсөн оны есдүгээр сард бас цахилгаан скүүтерийг хориглосон юм.

Шийдвэр гаргахдаа “Парисын жишиг”-ийг дагаснаа Рис өчигдөр тайлбарлажээ.

Өчигдөр орой Мельбурн хотын иргэдийн хурлын төлөөлөгчдийн олонхын саналаар скүүтерийг нэн даруй хориглох шийдвэр гарсан юм.

Ингэснээр Lime, Neuron оператор компаниуд 30 хоногийн дотор үйлчилгээгээ зогсоох ёстой болсон байна.

Уг нь эдгээр компаниудын үйлчилгээний зөвшөөрөл дуусахад зургаан сарын хугацаа үлдээд байсан юм.

Гэвч хотын оршин суугчдын гомдол, хүсэлт хугацааг наашлуулахад хүргэжээ.

Lime, Neuron компаниуд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт 1,500 орчим скүүтерийг Мельбурн даяар тараасан юм.

Эхэндээ хотын захиргаа скүүтерийг хүлэмжийн хийг бууруулах үр дүнтэй тээврийн хэрэгсэл гэж үзэж байв.

Гэвч скүүтертэй холбоотой осол эндэгдэл нэмэгдсэн нь шийдвэрээ эргэн харахад хүргэжээ.

Тус хотын томоохон эмнэлэг Royal Melbourne Hospital 2022 оны турш скүүтертэй зорчиж байгаад бэртэж гэмтсэн 250 хүнийг хүлээж авснаа тайлагнаж байв.

Согтуу байсан, хурд хэтрүүлсэн, хамгаалалтын дуулгагүй байсан зэрэг нь ослын гол шалтгаанууд байжээ.

Бэртсэн хүмүүсийн ихэнх нь залуучууд байсан ба тэдний зарим нь амь насаа алдаж, тархиа гэмтээсэн тухай эмнэлгийн тайланд дурдсан байна.

 

Эх сурвалж: BBC