Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

ПАРИС 2024: Б.Сэр-Од зургаан олимпод оролцсон анхны марафонч боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 8 сарын 10
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Ч.Ганбат

Парисын олимпын эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээнд манай улсын хамгийн ахмад тамирчин болох Монгол Улсын гавьяат тамирчин Бат-Очирын Сэр-Од зургаа дахь олимпын наадамдаа оролцлоо.

Тэрбээр энэ амжилтаараа марафоны түүхэнд дээд амжилт тогтоож буй юм.

Б.Сэр-Од энэ удаагийн олимпод 2:42:33 амжилтаар 71 дүгээр байр эзэллээ. Ингэснээр Б.Сэр-Од зургаан олимпод оролцсон анхны марафонч болж байна. 

Манай тамирчны олимпын дээд амжилт нь 2012 оны Лондонд 2:20:10 цагаар 51 дүгээр байр эзэлж байлаа. Гурван жилийн өмнө Токиогийн олимпод барианд орж чадаагүйг эс тооцвол таван олимпод зайгаа дуусгасан байна.

Эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн төрөлд Этиопын Тамират Тола 2:06:26 цагийн амжилтаар олимпын рекорд шинэчилж, алтан медаль хүртсэн бол Бельгийн Башир Абди энэ улирлын дээд амжилтаа харуулж, тэргүүлэгчээс 21 секунд хоцорсон үзүүлэлтээр мөнгө, Кенийн Бенсон Кипруту тэргүүлэгчээс 34 секунд хоцорч, хүрэл медаль хүртлээ.

Энэ төрөлд түрүүлэх магадлалтай гэгдэж байсан олимп, дэлхийн аварга Кенийн Элиод Кипчогэ уралдаанаа дуусгаж чадаагүй 10 гүйгчийн нэг болов.