Маргааш буюу энэ сарын 10-ны өдөр Бөхийн Нэгдсэн Холбоо (БНХ)-ны сүүлийн жингүүд үргэлжилнэ. Тодруулбал эрэгтэйчүүдийн 65 кг, 97 кг, эмэгтэйчүүдийн 76 кг жингийн хэсгийн барилдаан болох юм.
Манай шигшээ багаас эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд Ховд аймгийн Манхан сумын харьяат, "Хүч" спорт хорооны тамирчин Т.Тулга, эмэгтэйчүүдийн 76 кг-ийн жинд "Алдар" спорт хорооны тамирчин Э.Даваанасан нар өрсөлдөнө.
Тэгвэл манай хоёр тамирчны жингийн сугалаа өнөөдөр гарчээ.
Эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд өрсөлдөх Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий хүрэл медальт (2021) Т.Тулга эхний даваанд дэлхийн хошой хүрэлтэй (2017, 2018) Кубын Алехандро Валдестай хүч сорино. Манай тамирчин өрсөлдөгчөө ялбал ДАШТ-ий хүрэл медальт (2023) Арменийн Везган Теванян, Гүржийн Годерзи Зебисашвили хоёрын ялсантай нь учраа таарна.
Эмэгтэйчүүдийн 76 кг-ийн жинд ДАШТ-ий мөнгөн медальт (2023) Э.Даваанасан эхний тойрогт Нигерийн Анна Руебентай сугалаа таарав. Африк өрсөлдөгчөө ялбал ДАШТ-ий хүрэл медальт (2023) Колумбын Татьяна Рентериа, Тунисын Зайнеб Сгайер нарын ялсантай нь шөвгийн наймд өрсөлдөх боломжтой.
Э.Даваанасан өнгөрсөн оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэхдээ доод жин буюу 72 кг-ийн жинд өрсөлдөж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!